Түрүүч нь өчигдрийн дугаарт
Манай сонин алтны эх судал болсон Заамараас уншигчдадаа цуврал сурвалжлага хүргэж байгаа билээ. Энэ удаад бид ам болгондоо устай Заамарт мал бүү хэл хүн уух усгүй болох аюул нүүрлэснийг хөндөж байна. Алт үзсэн хүний зүрх чулуужиж, сэтгэл мөс болдог юм байна. Ийм хүйтэн сэтгэлтнүүд Заамарт хэдэн зуугаараа хөрс сэндийчиж Туулыг туучиж байна. Ханаж цадахаа больчихсон ийм бэрдийн ходоодтой усны мангасуудын тэргүүн эгнээнд Монполиметийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хатагтайг нэрлэж болохоор байна.
Туулыг туйлдуулж байгаа “Усны мангас” хатагтайн өмнө сөхөрсөн Монгол Улсын төр, БОАЖЯ, Ашигт малтмалын газар, газрын тосны газар, УМХЕГ, Туул голын сав газрын захиргаа зэрэг хууль, дүрэм хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд ажлаа хийж болох уу. Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрдэгийн адил Заамарыг 27 жил төнхөж Туул голын амийг тасалж буй Ц.Гарамжав танд ханаж, цадая гэсэн бодол бий юү. Хариуцлагатай уул уурхайг бий болгох ёстой хэмээн уул уурхай, алтны форумууд дээр гоё ярьдаг “үлгэр”-үүдийг чинь сонсож л байлаа. Гэтэл Заамар нутгийн хөрсөн дээр байдал таны ярьдагаас өөр байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 оноос хэрэгжиж эхэлсэн “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд Заамар суманд 50 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулсан байдаг.
Гэтэл яг тав хоногийн өмнөх байдлаар нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй, Туул голын голдирлыг өөрчилсөн асуудалд хэн нь ч хариуцлага хүлээгээгүй, гол бохирдуулсан эсэхдээ аль нь ч татвар төлөөгүй байна. Заамарын алтыг сорчилж зах замбараагүй “дайны” талбар бий болгочихсон компаниудын тэргүүн эгнээнд “Алтан Дорнод Монгол”, “МАК”, “Монполимет групп”, “Мон голросцветмет”, “Их тэмүүлэл”, “Эрэл”, “Мон дулаан”, “ЭкоАлтан Заамар”, “ШижирАлт” зэрэг компаниуд бичигдэнэ. Алтан дээрх Заамар тэгвэл яагаад хөгжлийн хувьд ч, байгаль орчны үнэлгээнийхээ хувьд ч өндийсөнгүй вэ. Заамарын иргэд ядуу байх нь хэнд ашигтай байв. Заамарт “Алт1” хөтөлбөр хэрэгжсэнээр тус бүс нутаг үүргээ гүйцэтгэжээ. Ингэхдээ хангалттай хэмжээнд буюу 120 тонн алтыг Заамарын хэвлийгээс олборлож Монгол Улс эрдэнэсийн сандаа авчээ. Энэ бүхний дараа ч өнөөх цэвдэг “мангас”ууд ханасангүй. Заамарыг Туултай нь залгих ажиллагаагаа зогсоосонгүй. Монголын 330 сумаас хамгийн ядуу, хамгийн их улстөржилт тэй, хөгжлөөр хамгийн дорой сум болсонд хэн ч санаа тавьсангүй нь эмгэнэлтэй.
УС БОХИРДУУЛАХГҮЙ ХЭМЭЭН “ДРАГУУДЫН” ТОЛГОЙГ ИЛЭХ ТӨРД, ЯМАР ЭРХ АШИГ ҮЙЛЧИЛНЭ ВЭ
уул уурхайтай эдийн нүдээр усыг хамгийн ихээр бохирдуулж байгаа нь 300 толгойгоос дээш малтай иргэд төдийгүй нэг га газраас дээш хэмжээтэй газар дээр тариа, ногоо тарьдаг иргэд хэмээн үзжээ
Шороон ордын алт олборлох гол технологи нь ус бөгөөд шороог усаар зайлж алтыг нь тунгааж авдаг. Энэ үйл ажиллагааг хөнгөвчилсөн арга нь драг юм. Үүнийг нутгийнхан “Усны мангас” хэмээдэг. Ийм “усны мангас” Заамарт тав байдаг гэнэ. Үүний гурав нь эрхэм хатагтай Ц.Гарамжавынх. Гаднаас нь харахад 56 давхар байшин. Өөрөөр хэлбэл, алтны болоод усны мангас гэж нэрлэх энэхүү “Драг ” голд хөвөх байдлаар газраа ухаж улмаар тусгай бэлтгэсэн устай ёмкост шороогоо хийн шигшиж алтаа ялган авдаг аварга том хөлөг онгоц юм.
Драг нь голыг хамгийн ихээр бохирдуулдаг ажээ. Драгаар цагт 5075 м куб элс угааж баяжуулдаг. Гэтэл хамгийн сонирхолтой нь, манай төр, засгийнхан “усны мангас”ын толгойг илсэн хууль санаачлан түүнийгээ нийгэмд “шахаж” байгаа нь инээдэмтэй. Тодруулбал, өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гээчийг баталсан ч хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүргэсэн нь эздийг халамжилсан хэрэг байв.
Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан жил парламентад суудалтай нөхөд өөрийн халаасны уул уурхайн компаниудаа хэрхэн татвараас чөлөөлж болдгийг харууллаа. Тэдэнд Монгол Улсын хууль тогтоомж ерөөс үйлчлэхгүй байж болдгийн бодит жишээг ямар нэг тайлбаргүйгээр баталчихав. Хамгийн өрөвдмөөр нь мэдээж хуулиа хэрэгжүүлэхгүй зургаан жил явсан учраас цаашид ийм байдалтай байж болохгүй учир өнгөрөгч мягмар гаригт Ус бохирдуулсны тухай хуулийн шинэчилсэн найруулгаа хэлэлцэв. Тэд ийн ухаан орсны учир нь татварыг хэний нуруун дээр үүрүүлэх вэ гэсэн бүрхэг асуултадаа хариулт олж “мэргэн” санаагаа гүйцэлдүүлэхээр шийдсэн нь үүгээр гэрчлэгдэх болов уу. Эрх баригчдын “мэргэн” санааг тодруулбал, уул уурхайтай эдийн нүдээр усыг хамгийн ихээр бохирдуулж байгаа нь 300 толгойгоос дээш малтай иргэд төдийгүй нэг га газраас дээш хэмжээтэй газар дээр тариа, ногоо тарьдаг иргэд хэмээн үзжээ.
Тиймээс малчид, тариаланчдаас ус бохирдуулсны татварыг авах нь зүйтэй гэсэн горимын саналын дагуу хэлэлцүүлгээ хийсэн юм. Тэднийхээр уул уурхайн компаниуд нь тусдаа нуур үүсгэж ажил явуулдаг учраас ус бохирдуулдаггүй хэмээж байгаа юм.
БОАЖЯ ЖУРАМ БАТЛААГҮЙГЭЭС 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖ АЛДСАН
Ус бохирдуулсны төлбө рийн тухай хуулийн хэлэлцүүлгийг УИХын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нээсэн. Тэрбээр, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг УИХ 2012 онд баталсан ч БОАЖЯ уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлаагүйгээс зургаан жилийн туршид хууль хэрэгжээгүй. Үүний улмаас улсын төсөвт 5.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, усны нөөц, чанарыг хамгаалахад зарцуулах боломжийг алдсан. Түүнчлэн улсын хэмжээнд байгаа нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдол, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир ус байгальд шууд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голуудыг бохирдуулж байна” гэсэн.
Хайран мөнгө. Архи пивоны, арьс ширний гээд ус бохирдуулсны татвар төлөх шалтгаантай аж ахуйн нэгж, байгууллагууд манайд их. Энэ бүхэнд ч угтаа бол дээрх хууль хамаатай, хамгийн их хамаатай. Манай сонин Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэлэлцүүлгийн хүрээнд Заамар сумын малчин, тариаланчидтай уулзаж тэдний үзэл бодол, байр суурийг хүргэхийг зорьсон юм.
М.Мягмардорж: ГАЗАР ДЭЭРХ БАЯЛАГ СҮЙДЭЖ БАЙНА
Заамар сумын бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн. Энэ нь мал нь ихэссэн гэсэн үг биш. Уул уурхай мал, малчин хоёрыг амьдрах газаргүй болгож байна. Мал бэлчиж болох “эрүүл” газрын хэмжээ Заамарын малтай иргэдэд хүрэлцэхээ больсон гэсэн үг. Түүнчлэн Заамар сумын нутагт 80 төрлийн эмийн ургамал ургаж, бугын сүрэг бэлчдэг байсан нь аль хэдийнэ түүх болон үлдсэн. Усны төлбөрийн тухайд санал нийлэхгүй байна. Манайх 100 гаруй бод малтай. Хэдийгээр уул уурхайнхан “Бид газар доорхийг нь авч байна” гэдэг ч яг үнэндээ газар дээрхтэй нь цуг авч байгаа. Өвс ургамал, мал аж ахуй, гол, ус, рашаан гээд бүгд сүйдэж байна.
Ц.Энхтунгалаг: МАЛЫН БААС АРИУТГАГЧ ЧАНАРТАЙ ШҮҮ ДЭЭ
Хэдийгээр бид хөдөөгийн малчид ч гэлээ 76 юу хэлж яриад байгааг сонсож, харж байгаа. Тэр тусмаа уул уурхайтай эрх мэдэлтнүүд хэрхэн өөрсдийн талд хууль баталдгийг харж байна. Үүний нэг нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль. Малын баас, шээс ус бохирдуулдаг гэж үзэж байгааг гайхаж байна. Малын баас чинь харин ч эмийн чанартай, ариутгагч чанартай юм шүү дээ. Ийм ядмагхан байдлаар малчдаа туйлдуулж байгааг гайхаж байна. Мал ус уудаг. Гэхдээ уурхайн техник шиг бохирдуулмааргүй юм.
Л.Володя: МОНГОЛ АРД ТҮМНИЙГ УУРХАЙ ХООЛЛОДОГ УУ, МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД ХООЛЛОДОГ ЮМ УУ
Заамарын ам болгон рашаан, устай байлаа. Одоо тэд бүгд ширгэсэн. Дахин сэргээгдэхгүй. Одоо шүүлтүүр хэрэглэж ус түгээж байна. Ах нь ус түгээгч. Заамарын хэмжээнд 24 худаг л ажиллаж байна. Хэдийгээр манай сумынхан гүний ус ууж байгаа гэдэг ч бохирдлын хэмжээ их учраас шүүлтүүр ашигладаг. Ер нь Заамарыг газрын хөрснөөс арчих сонирхол энэ эрх мэдэлтнүүдэд байна гэж харж байна. Ер нь монголын ард түмнийг уурхай тэжээдэг юм уу, малчин, тариаланчид тэжээдэг юм уу.
Ц.Баяндүүрэн: МАЛ БҮҮ ХЭЛ ХҮН УУХ УСГҮЙ БОЛЛОО
Ийм хүний санаанд багтахгүй шийдвэр хэн гаргав гэдгийг гайхаж байна. Ийм утгагүй асуудал яриад сууж байгаа хүмүүст найдах хэрэг байна уу. Заамарт мал бүү хэл хүн уух усгүй болсон шүү дээ. Би 80 нас хүрч байна. 40 жил мал маллалаа. Нутаг усыг минь тайван байлгаач. Идэж ууж ханасан бол үр хойчдоо бүтэн газар үлдээгээч. Элдэв химийн бодистой шавар, шалбаагаас чинь мал ууж их хэмжээгээр үхэж байна. Үүнийг хэнд хэлэх вэ, хэн хариуцах вэ. ...Заамарынхан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн асуудлаар ийм байр суурьтай аж төрж байна.
Тэдний малаа хайрлах, газар, орон нутгаа хайрлах сэтгэл халуун ч уул уурхай, улс төрийнхний бугат Заамар, бургаст Туулыг хайрлах хайр дэндүү хүйтэн байгаад бухимдаж байна. Төрд суудал “бөглөж” өөрийн эрх ашгийн төлөө дуугарч суугаа Ц.Гарамжав таниас асууя. Заамар сумын Хайлааст багийн 120 хүүхдийн цэцэрлэг нурчихсан байна. Үүнд анхаарлаа хандуулаач. 27 жил алтыг нь авсан авдараа тордох сэтгэл эрхэм гишүүн танд байна уу. 120 хүүхэд жорлон нь, гал тогоотойгоо хутгалдсан цэцэрлэгт чимээгүйхэн өссөөр. Цэцэрлэгийн гол багана, хана, тааз ганхчихсан хүчтэйхэн гишгэвэл нурахад бэлэн болжээ. Таниас нэг их юм хүсэмгүй ч Заамарын бяцхан үрсэд жишиг цэцэрлэг барьж өгчихөөд өөрийн бизнесээ цэцэглүүлбэл ядаж л буян нь дэлгэрнэ дээ.
М.Мөнхтунгалаг