СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-10-26

Айл бүрээс насанд хүрсэн нэг хариуцлагатай хүнийг эргүүлд гаргана

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Сурагчдын хичээлдээ явах замын аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж үзүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийн нээлт өчигдөр боллоо.  Уг арга хэмжээг Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль дээр тус тус зохион байгуулсан юм. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзоригоос тодрууллаа. 

 

-“Хүүхэд хамгаалагч” төслийн талаар тодруулахгүй юу?

-Бид хүүхэд аюулд өртөж болзошгүй, хүчирхийлэлд өртөж болзошгүй, зодуулж, гар утсаа дээрэмдүүлж болзошгүй, нохойнд уруулж болзошгүй гэсэн эмзэг 30 цэгийг тодорхойлсон юм. Тэдгээр 30 цэг дээр хүүхдийг өдөр бүр хичээлдээ явах, гэр рүүгээ очих үеэр нь тодорхой зохион байгуулалттайгаар хорооны иргэд эргүүлд гарах төлөвлөгөөтэй байгаа. Засгийн газраас хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагад үүрэг даалгавар өгсөн. Үүнтэй холбогдуулж, албан газрууд хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр гэж бий. Эдгээр эрх зүйн баримт бичгүүдийг удирдлага болгож, цагдаагийн байгууллагаас арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Хүүхэд гэр, сургуулийн хооронд дунджаар 500 орчим метр, зарим нь 1-2 км замыг туулдаг юм билээ. Тэдгээр замд аюултай эмзэг цэгүүд байна. Эдгээр цэгүүдэд иргэдийн хяналттайгаар хүүхдийн аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарч байна

 

-Уг арга хэмжээгээр сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд иргэдийн оролцоог яаж идэвхжүүлэх вэ?

-“School police” нь сургуулийн орчинд аюулгүй байдлыг хангадаг эцэг эхийн эргүүл. Харин  хүүхэд хичээлдээ очих үед, сургуулиас гараад гэр рүүгээ явах замдаа дунджаар 500 орчим метр, зарим нь нэгээс хоёр километрийн замыг туулдаг юм билээ. Тэдгээр замд аюултай эмзэг цэгүүд байна. Үүнийг хар цэг гэж тодорхойлох болсон.  Эдгээр цэгүүдэд иргэдийн хяналттайгаар хүүхдийн аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарсан. Цагдаагийн байгууллага нөөц бололцооны дагуу эргүүл, томилгооны ажил гүйцэтгэдэг. Тэр бүрт цагдаагийн байгууллагын хяналт хүрч чадахгүй байгаа газар нь эмзэг цэг болчихсон. Тиймээс газар дээр нь ажиллана. Одоо бид тэрхүү хар цэгүүдэд очиж, судалгаа шинжилгээ, нөхцөл байдлыг авч үзнэ.  Иргэдийн оролцоог чухалчилж байгаа юм.  

-Эмзэг цэгүүдэд хүүхдүүд ихэвчлэн ямар гэмт хэрэгт түлхүү өртөж байна вэ?

-Дийлэнх эцэг эхчүүд хүүхдээ хүргэж өгч, авах боломжгүй байна. Хүүхэд ганцаараа явах нь элбэг болсон. Улмаар хүүхдүүд ихэвчлэн танхайн гэмт хэргийн хохирогч болдог. Тухайлбал, хулгайд эд зүйлээ алдах, гар утас болон бусад эд зүйлээ дээрэмдүүлдэг. Зарим тохиолдолд хүчирхийлэлд өртөх аюултай орчин бий болчихож. Эмзэг гэж нэрлэсэн нь хүүхэд гэмт хэрэгт шууд халдаж, өртөж болзошгүй газруудыг хэлж байгаа хэрэг.  Өмнө нь тэнд ихэнхдээ гэмт хэрэг зөрчил гардаг, ухамсар дорой, бусдыг айлгадаг, ичээдэг хүмүүс явж болзошгүй гэсэн цэгүүд юм. “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд эцэг эхчүүдийн оролцоо хамгийн чухал. Тухайлбал, Баянзүрх дүүргийн V хороонд оршин суудаг 6000 гаруй өрх айл бий. Айл бүрээс насанд хүрсэн нэг хариуцлагатай хүнийг эргүүлд гаргана. Хамгийн гол нь иргэд бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар таны хүүхдийн аюулгүй байдал бүрэн хангагдана гэсэн ухамсрыг ойлгох хэрэгтэй.

-Сүүлийн үед хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга алдагдаж байна уу. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хатуу үг хэлэх, “байг, боль” гэж хэлэхээ больсон юм болов уу?

-Хуучин үеийн нийгмийн төлөвшил, хүүхдийн хүмүүжлийг одоогийн үетэй харьцуулахад зарим талаар тэнгэр газар шиг ялгаатай болсон. Хорь, гучин жилийн өмнөх үеийн хүүхдүүдийн хүмүүжлийг ажиглахад номын санд сууж, ном унших, даалгавраа баттай хийх, тухайн үед төрөөс хөнгөлөлттэй, дэмжлэгтэй өдөр өнжүүлэхэд хамруулах, эцэг эхийн хараа хяналт зэрэг нь их сайн байсан. Харин одоо цахим орчны хэрэглээ, замбараагүй байдал нь өөрөө Азийн бар болох хэмжээнд манай улсыг авааччихлаа. Цахим орчны эмх замбараагүй хэрэглээгээр манай улс Азидаа нэг номерт орсон. Үүнийг дагаад мэдээ мэдээллийн замбараагүй урсгал орж ирж буй. Тухайлбал, хүүхэд ном тогтож, сууж уншихаас илүүтэй цахим орчноос ямар ч төрлийн мэдээ мэдээлэл авах нь хэдхэн секундийн ажил болчихлоо. Өмнөх үеийн хүүхэд, одоо хүмүүжиж буй хүүхдийг ажиглахад мэдээ мэдээлэл авах урсгал нь хоёр өөр болчихжээ. Ном унших нь өөрчлөгдсөн.  Мөн нийгэм, цаг үеийг дагаж, эцэг эхчүүдийн хүүхдэд тавих хараа хяналт  багассан.

Эх сурвалж: www.nema.gov.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.