"Өглөө" төслийн зохицуулагч С.Болдсайхантай ярилцлаа. Тус төсөл орон нутгийн сонгуульд залуусын оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Учир нь 2016 онд ИТХ-ын ирц улсын хэмжээнд 60 хувь байжээ. Үүнээс хоёр залуу хүний нэг нь сонгуульд оролцож байсан.
-"Өглөө" төслийн талаар танилцуулахгүй юу?
-Залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Ямарваа нэгэн улс төрийн нам, байгууллагын харьяа бус олон улсын байгууллагын санхүүжилт авч ажилладаг. Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэн, Азийн сан санхүүжүүлэгч байгууллагаар ажиллаж байгаа. “Өглөө” төсөл, хөтөлбөр болон бусад байгууллагаас хэрэгжүүлсэн ажлын үр дүнд УИХ-ын энэ удаагийн сонгуульд залуусын ирц 62 хувь хүртлээ өссөн. Орон нутгийн сонгуульд УИХ-иас бага ирцтэйгээр иргэд оролцдог. Монгол Улс хүн амын 50-иас илүү хувийг 30 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Гэвч тэд нарын төлөөлөл, санал бодол шийдвэр гаргах түвшинд орхигддог. Тиймээс шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадах асуудал бол сонгуульд саналаа өгөх.
-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд яагаад иргэд саналаа өгөх хэрэгтэй вэ?
-Өмнөх орон нутгийн сонгуульд ирц 50+1 хувь байснаар хүчин төгөлдөрт тооцогддог байсан. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт орсноос иргэдийн ирцийн тоо хамааралгүй болсон. Арван хүн очоод саналаа өгсөн бол хүчин төгөлдөр гэж үзэн сонгуулийн дүнд нөлөөлөх боломжтой. Тэгэхээр залуучууд сонгуульд оролцохгүй бол тэд нарын асуудал шийдэгдэхгүй орхигдоно гэсэн үг.
-Монголд сонгогчдод мэдлэг олгох системтэй зохицуулалт байхгүй байна гэж үзэж байна уу?
-Орон нутгийн сонгуулийн талаарх хангалттай мэдээлэл байхгүй байна. Сонгуулийн сурталчилгааны 13 хоногийн хугацаанд хэн, хаана нэр дэвшиж байгаа болон намын мөрийн хөтөлбөр нь мэдэгдэхгүй байна. Тиймээс манай төслөөс мөрийн хөтөлбөр нь гарсан намуудын гол гол мөрийн хөтөлбөрийг иргэдэд танилцуулж байгаа. Иргэдийн хувьд Улсын Аудитын газарт хандан илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
-“Өглөө” төслөөс шийдэж өгөөч аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аяны талаар?
-Шийдэл өглөө аяныг хэрэгжүүлж байгаа. Дарга нарыг хараад суух биш иргэд өөрсдөө идэвх оролцоотой байвал ямар, ямар асуудлыг шийдэж чадсан бэ гэсэн түүхийг харуулж байгаа.
Шийдэж өгөөч бол иргэдийн төлөөлөгч нарын хийхгүй байгаа ажлыг яг газар нь очоод зургийг нь авч газар зүйн байрлалыг нь тавиад яг ийм газар явган хүний зам байхгүй байна зэргээр харуулж байгаа. Сонгууль болохоос өмнө ийм асуудал байна гэдгийг анхааруулж байгаа хэрэг юм.
Ингээд сонгуулийн дараа нөгөө асуудлыг шийдэж үү гэж дараа нь хариуцлага тооцох эрх, үүрэг нь сонгогч таньд байгаа.
-Сонгогчид нэн түрүүнд юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд намуудын мөрийн хөтөлбөртэй танилцах. Уг мөрийн хөтөлбөрийн хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг учраас намуудын мөрийн хөтөлбөрийг хооронд нь харьцуулан харчих хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр нь хэр бодитой, хэрэгжих боломжтой эсэх, хэрэгжсэнээр тань амьдарч байгаа орчинд ямар үр дүн гарах вэ гэдгийг бодох. Цаашлаад нэр дэвшигч нараа сайн судлах хэрэгтэй. Залуучууд болзоонд явахдаа уулзах хүнээ маш сайн судалдаг шиг ээ тэрнээс илүү нэр дэвшигч нараа судлах хэрэгтэй. Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч бол маш их эрх мэдэлтэй.
Иргэдийн ямар бизнес хаана эрхлэх, газар олголт, орон сууц төлөвлөлт гээд олон асуудлыг шийдэх тул ашиг сонирхлын зөрчил байна уу гэдгийг шалгаж болно. Түүнчлэн тухайн нэр дэвшигч хувьдаа компанитай эсэх тэр нь нийслэлээс зарлаж байгаа тендерт оролцохоор байна уу үгүй гэдгийг судлах. Ер нь иргэн таны төлөө ажиллах гээд байна уу эсвэл өөрийнхөө төлөө ажиллах гээд байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Ер нь бол иргэд гэрийн даалгавраа сайн биелүүлж, сонголтоо хийх хэрэгтэйг зөвлөхөөр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.