Усны төлбөр өндөр гарсан, тоолуурын заалтыг үнэн зөв тэмдэглэхгүй байна гэсэн гомдол иргэдээс байнга гардаг. Энэхүү гомдол мэдээллийн дагуу НМХГ шалгалт хийдэг бөгөөд ихэнх гомдол нь усны тоолуурын заалтаа буруу уншдаг, тоолуурын тухай мэдээлэл, мэдлэг муу байгаатай холбоотой байдаг байна.
Иргэдийн зүгээс усны тоолуур буруу ажилладаг, СӨХ нь тоолуурын заалтыг буруу тэмдэглэж байна гэсэн гомдол ирдэг. Эдгээр гомдолын дагуу шалгахад ашиглалтын шаардлага хангахгүй, баталгаажаагүй тоолуур суулгуулсан, баталгаат хугацаа дууссан, халуун хүйтэн усны заалтыг сольж бичсэн зэрэг асуудал байдаг.
Нийт гомдлын 80 хувь нь иргэд, орон сууц хариуцсан байгууллагын ажилтнууд тоолуурын заалтыг буруу уншсан, энэ талаар мэдлэггүй байдагтай холбоотой байна.
Иргэд, аж ахуй нэгж тоолуурын төрөл зүйлээс шалгаалан тоо, тэмдэглэгээг зөв уншиж сурах шаардлагатай. Монгол улсад 13 улсын 68 төрлийн усны тоолуур ашиглагдаж байгаа. Улсын стандарт хэмжил зүйн төвөөс бүх тоолуурт ашиглалтын гэрчилгээ олгож баталгаажуулдаг бөгөөд өөрийн усны тоолуураа шалгуулах, баталгаажуулах, тоолуурынхаа заалтыг унших тухай мэдээлэл зөвлөгөө авч болдог.
Төвлөрсөн усан хангамжид холбогдсон сууцанд оршин суудаг нэг иргэний хоногийн усны хэрэглээг 230 литр гэж тооцдог байна. Харин стандартын дагуу усны тоолуур тавиулахад энэ тоо 2 дахин бага гардаг. Өөрөөр хэлбэл хоногт нэг хүний усны хэрэглээ 80 литр орчим л байдаг. Тиймээс иргэдийг өөрийн усны хэрэглээг хянах, тоолуураа зөв уншиж сурахыг мэргэжилийн байгууллагаас санууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.