СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Түмэннасан: Иргэдтэйгээ нийлж хийсэн бидний ажил жишиг болсон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр дүүргийн хөгжлийн төвийг байгуулан иргэдэд тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлэдэг болоод удаж байна. Бид энэ туршлагыг нь хуваалцахаар тус төвийн дарга А.Түмэннасантай ярилцлаа

-Баянзүрх дүүргийн хөгжлийн төв гэдэг байгууллага хэзээ байгуулагдсан, ямар зорилготой байгууллага болох талаар ярилцлагаа эхлэе?

-Манай байгууллага анх 2013 онд тухайн үеийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар байгуулагдаж, “Хөгжлийн төв-Хүн таны төлөө” уриатайгаар 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид иргэдийнхээ санал, санаачлагыг дэмжиж, тэдэнтэйгээ хамтарч дүүргээ хөгжүүлэхийг зорилгоо болгодог. Баянзүрх дүүргийн хувьд 343 мянга гаруй хүн амтай, 124 мянган га газар нутагтай, нийслэлийн хамгийн том дүүрэг. Иргэдийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг учраас тулгамдсан асуудал маш их байдаг. Тиймээс оновчтой бага зардлаар сайн үр дүн авчрах ажил зохион байгуулах нь бидний ажлын зорилго байдаг учраас орон сууцны хороололд "Сууц өмчлөгчдийн холбоо" буюу СӨХ-үүдтэй, гэр хороололд иргэдийг бүлэг болгон, тэдэнтэйгээ хамтарч ажилладаг.

-Иргэдийн бүлэг гэдэг нэр томъёо их шинэ, содон сонсогдож байна. Иргэд бүлэг үүсгэдэг гэсэн үг үү?

-Гэр хороололд орон сууцны хороололтой адил "Сууц өмчлөгчдийн холбоо" ч гэдэг юм уу, нийлж, нэгдээд эрх ашгаа хамгаалах боломж байдаггүй. Тиймээс манай байгууллага иргэдийг гудамж, гудамжаараа нэгдэж, дундаасаа ахлагчаа сонгоод, өөрсдөд нь тулгарч буй аливаа асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэдэг байгаасай гэсэн зорилгоор “Иргэдийн бүлэг” байгуулахад нь иргэдэд туслалцаа үзүүлдэг.  Одоогоор манай дүүрэг 150 гаруй “Иргэдийн бүлэг”-тэй болсон. Бид эхний ээлжинд “Иргэдийн бүлэг” юу хийж чаддагыг харуулахаар дүүргийн 28 дугаар хороог жишиг болгон, гудамж талбайг тохижуулж янзалсан. Нэгэнт бүлгийн зохион байгуулалтад орчихсон иргэд нийлээд гудамжиндаа явган хүний зам тавих, гэрэлтүүлэг тавих, мод тарих, хашаагаа будаж жигдлэх зэргээр асуудлаа хамтдаа шийдвэрлэдэг.

-Иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулах хэр хүнд ажил бэ? Тэдэнтэйгээ хамтраад хийж, хэрэгжүүлсэн ажлуудаасаа танилцуулаач?

-Манай төвийн бас нэгэн чиглэл бол иргэдэд бүлэг болж ажиллахын давуу талыг тайлбарлаж, олон удаагийн яриа, сургалтыг явуулдаг. Ингэсний дараа л иргэд учрыг нь бүрэн ойлгож, ажилд маань оролцож эхэлдэг. Иргэдийн бүлгүүдтэйгээ хамтраад алслагдсан хороодын хүүхэд багачуудад зориулж хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах, үер усанд идэгдээд хүн битгий хэл машин тэрэг явах аргагүй болсон замын нөхцлийг сайжруулж засварлах, иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг хангаж явган хүний зам тавих, Жишиг гудамжуудыг байгуулах зэргээр олон ажил хийсэн.  

Дүүргийнхээ 28 хороонд нийт 200 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээрээс онцолвол, 19 дүгээр хорооны “Хамтын хүч” иргэдийн бүлэгтэй хамтраад 1 дүгээр хотхоны зам талбайн тохижилтыг хийж, сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад оруулсан бол, 22 дугаар хороонд “Өгөөж”, “Тэмүүлэл” иргэдийн бүлгүүдтэйгээ хамтарч хэд хэдэн байршилд тоглоомын талбай, явган зам бүхий “Жишиг гудамж”-ыг  ашиглалтад оруулсан гэх мэт маш олон ажил дурдаж болно. Өмнө хэзээ ч алслагдсан гэр хорооллын иргэд өөрсдөө төсөл хөтөлбөр бичээд, санхүүжилтээ өөрсдөө мэдэж зарцуулаад  хүүхэд багачууддаа тоглоомын талбай хийж өгч байсангүй. Иргэд  өөрсдөө санаачилж, хийж, бүтээсэн ажилдаа илүү ариг гамтай байж, дараа дараагийн засвар, арчлалтаа ч сайн хийдэг.

-Ойролцоогоор хэдэн өрх нэгдэж байж “Иргэдийн бүлэг” болдог бол. Иргэдээс ихэвчлэн ямар санал хүсэлт ирдэг вэ?

-“Иргэдийн бүлэг” гэхээр нэг гудамжны асуудал яригдаж байгаа учраас 8 болон түүнээс дээш өрх нэгдэж, бүлэг үүсгэдэг. Тэд маань ихэвчлэн гудамжаа явган хүний замтай болгоё, машин явах замыг хайргадаж, дайргадаж тэгшилмээр байна гэсэн саналтай ирдэг. Тэд сургалтанд сууснаар гэрэлтүүлэг тавих, хашааны өнгө үзэмжийг сайжруулж нэг ижил гүйдэг хаалгаар солих, ижилсүүлэх гэх мэт ажлыг өөрсний нөөц бололцоог ашиглан хийж болохыг ойлгодог. Энэ нь заавал орон сууц гэлгүй иргэдэд өмчилсөн газартаа цэвэр, тохьтой амьдрах боломж байгааг харуулдаг.

-Гэр хорооллын өрхүүдийн бас нэг зовлон нь хашаа хороо, гудамж талбайн өнгө үзэмжээс гадна жорлонгийн асуудал байдаг. Та бүхэн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ажилладаг вэ?

-Тиймээ, гэр хорооллын өрхүүдийн ихэнх нь нүхэн жорлон ашиглаж, муу усны нүхтэй байдаг. Мэдээж үүнээс болоод хөрсний бохирдол үүсч, иргэдийн эрүүл мэндэд олон жилийн турш сөрөг нөлөө үзүүлсээр байна. БЗД-ийн хэмжээгээр “Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон бусад санхүүжилтээр одоогоор 400 гаруй өрхийн нүхэн жорлонг шинэчилж, соруулдаг, хөрсөнд нэвчдэггүй сайжруулсан жорлон болгож өөрчлөөд байна. Эдгээрийн зарим нь манай иргэдийн бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих зорилгоор хийгдсэн.  

-Танайх дүүргийнхээ Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтарч ажилладаг гэлээ. Иргэд Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ гэдэг байгууллагыг юу ч хийдэггүй байгууллага гэж шүүмжлэх нь олонтоо сонсогддог. Та СӨХ-той хэрхэн хамтран ажилладаг тухайгаа яриач?

-СӨХ иргэддээ тайлан тавьдаггүй, иргэд нь тайлан нэхдэггүй байдлаас болоод үл ойлголцол үүсч, иймэрхүү шүүмжүүд гардаг нь үнэн. Гэхдээ . СӨХ нь сайн ажилласнаар хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбайгаа барилгын компанид алдалгүй аваад үлдэж чадсан олон тохиолдол байдаг. Мөн гэрэлтүүлэг, ногоон байгууламж, кодтой хаалга, камержуулалт зэрэг олон ажлыг СӨХ хариуцаж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрахад нь хувь нэмрээ оруулдаг гэдгийг хэлмээр байна.

Манай байгууллагын зүгээс . Хамгийн гол нь Сууц өмчлөгчдийн холбоодтойгоо хамтарч хийсэн ажил их чанартай болдог. Учир нь тэд маань олон жилийн ажлын туршлагатай, ажиллах хүчтэй, зохион байгуулалт сайтай байдаг.

-“Иргэдийн бүлэг” бий болсноор хөршийн холбоо ч сайжирдаг болов уу гэж бодлоо. Иргэдийг нэгтгэж, бүлэг болгосны давуу талыг та хэрхэн хардаг вэ?

-Орон байрны хулгай багасч байгаа гээд шууд хэлэхэд хэцүү ч, иргэд бүлэг болж, нэгдэж чадвал маш их хүчтэй байдаг юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд харж ойлголоо. Мэдээж иргэд бүлэг болоод ирэхээр нэг нэгнээ таньдаг болсноор хөрш айлдаа санаа тавьж, орон байрны хулгай багасахад бага боловч нэмэр болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Нөгөө талаар иргэдийн бүлгүүд төслөө өөрсдөө бичиж, ажиллах хүчний зардал тусгалгүйгээр санхүүжилтээ өөрсдөө зарцуулж хийснээр бага өртгөөр бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх үүд хаалга нээгдэж байна.

-Орон нутаг иргэдтэйгээ хамтарч ажиллахаар ийм төрлийн байгууллага байгуулж байсан түүх огт сонсогдож байсангүй. Бусад дүүрэг, аймгаас та бүхэнтэй хандаж, туршлага судалж байв уу?

-2015 онд Төрийн ордонд болсон бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл оролцсон чуулга уулзалтад, 800 гаруй орон нутгийн Төлөөлөлд хийсэн ажлаа танилцуулан бидний ажил “Сайн туршлага” болж үнэлэгдсэн. Өмнө нь ганц нэг аймгаас ам дамжиж, сураг сонслоо гэж холбогддог байсан бол одоо маш олон аймгаас танай дүүргийн энэ туршлагыг нутаг орондоо хийж, хэрэгжүүлмээр байна, яах уу гээд л асуудаг. Бидний санаачилсан ажил цаашид бүх орон даяар жишиг болж, иргэд нь санаачлагатай байж, үгээ хэлдэг, үйл ажиллагаанд оролцдог, орон нутаг нь дэмждэг, хамтарч ажилладаг байгаасай гэж хүсч байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
64.119.20.91

Ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхныг хүсье. Та чаднаа дэмжиж байна.

Зочин
4 жилийн өмнө
64.119.19.12

Иргэдийн бүлэг шинэ зүйл биш юм. Ингэж худлаа ярих хэрэг юу байна вэ. Дэлхийн банкны тогтвортой амьжиргаа төслийн загварчлал. Монгол улсын хэмжээнд байж үйл ажиллагаа явуулж байсан шүү. Ямар их бүтээн байгуулалтыг хийсэн билээ дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.