УИХ дахь Ардчилсан намын хэсэг гишүүд болон Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд өнөөдөр /2020.10.06/ төрийн ордонд мэдээлэл хийлээ
Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Ардчилсан намыг сонгуульд бүртгэхгүй, бүртгэхээс татгалзах үйлдлүүд олон гарч байгаа гэнэ.
Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Г.Гантулга “Дархан-Уул аймгийн Аудитын газар Ардчилсан намын хандивын дансыг баталгаажуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар бид шүүхэд гомдол гаргахад шүүх Үндсэн хууль болон бусад хуулийг баримтлахгүй, эсрэг талд шийдвэр гаргасан. Үүний цаана МАН-ын оролцоотой шийдвэр гаргасан бид үзэж байна. Жишээ нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч н.Нарантуяагийн хүүхэд нь өөрөө Дархан-Уул аймгийн төрийн аудитын газарт ажилладаг байж таарсан. Энэ бол эрх ашгийн зөрчил. Бид анхан шатны шүүхэд хандсан байгаа. Энэ мэтчилэн Дархан-Уул аймагт зөвхөн эрх баригчдад үйлчилдэг, МАН дангаараа ноёрхох үйлдэл гаарч байна.
Сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол нэг намын тогтолцоотой, сонгууль хэлбэр төдий болдог зүйл рүү орох вий гэсэн болгоомжлол байна” гэлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас бүлэгт гомдол гаргасан байна. Орон нутгийн сонгууль 10 хоногийн дараа болох гэж байхад сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна. УИХ хууль тогтоох байгууллага, хууль амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьдаг. Гэтэл Дархан-Уул аймагт өнөөдөр сонгох, сонгогдох эрхгүй болж байна. Энэ асуудлыг шүүх, Сонгуулийн хороо авч хэлэлцээд зохих шийдвэрийг гаргах боломжтой байсан ч ямар нэг шийдвэр гаргахгүй байна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хэд хоногийн өмнө талбай дээр ХҮН-аас мэдэгдэл хийсэн бөгөөд намыг нь сонгуульд оролцуулахгүй байгаад "Ардчилсан нам хамаатай" гэж хэлсэн. Ардчилсан нам бусармаг үйл ажиллагаанд оролцдоггүй.
Өнөөдөр Дархан-Уул аймагт МАН, ХҮН гэсэн хоёр нам сонгуульд оролцох гэж байгааг бид улстөржүүлж ярьж болох ч шүүхийн шийдвэрийг бид хүлээж байсан. Гэтэл шүүх улстөржсөн шийдвэр гаргаж, улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд Тагнуулын ерөнхий газар зэрэг хүчний байгууллагууд оролцож байгаад харамсч байна. Энэ нь сонгуулийг шударгаар явуулахад саад учруулж байна. Цагдаа, хүчний байгууллага эрх баригчдын талд үйлчилж байна. Сүүлийн үед шүүх, түгжрэл зэрэг олон асуудалд Ардчилсан намыг буруутгаж байгаагаа таслан зогсоож, улс төрийн соёлтой байхыг бусад улс төрийн хүчнээс хүсч байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.