СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсролыг олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Сурч боловсрох нь хүний үндсэн эрх бөгөөд боловсрол эзэмшихэд хүн бүр тэгш эрхтэй байх ёстой тухай ЮНЕСКО-ийн тунхаг, Хүүхдийн эрхийн олон улсын конвенцид туссан бий.

Харин Монгол Улс үндсэн хуульдаа иргэн бүр суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй, бүх нийтийн боловсролыг төрөөс төлбөргүй олгоно гэж заасан байдаг.

Гэтэл дэлхий нийтээрээ боловсрол, тэр дундаа ирээдүйн боловсролтой иргэдийнхээ хөгжилд түлхүү анхаарч, голлох хөрөнгө оруулалтуудыг хийж буй технологи, даяаршлын энэ эринд монгол хүүхэд бүрийн чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших орчин нөхцөл тийм ч хангалттай биш хэвээр байна.

Энэ тухай бодлого тодорхойлогчид, салбарынхан, судлаач шинжээчид өөрсдийн байр суурийг илэрхийлсээр ирсэн ч Монгол Улсын ирэх жилүүдийн хөгжлийг үүрэлцэх ирээдүй өнөөдөр ч суурь боловсрол эзэмшихийн тулд стандартын бус анги танхимд, хэмжээнээс хэтэрсэн хүүхдүүдтэй, шахуу хуваариар хичээллэсээр л байна. Тиймээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуульд

Нийслэлийн МАН-ын хорооноос олон жилийн турш яригдаж буй энэ асуудлыг үе шаттай нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор “Хүртээмжтэй, чанартай боловсрол” мөрийн хөтөлбөрийг боловсруулж тэр дундаа сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийг үе шаттай нэмэгдүүлэхээр зорьж байна.

Жишээ харъя.

Ерөнхий боловсролын сургуулийн нэг анги дүүргэлтийн стандарт хэмжээ 20-25 суралцагчтай байх ёстой гэсэн олон улсын жишиг байна. Гэтэл Монгол Улсын хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулийн 20 мянган бүлгээс 11 хувь нь буюу 2,200 гаруй анги 41-70 хүүхэдтэй хичээллэж байна гэсэн судалгаа байна. Харин нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй сургуулийн насны хүүхэд бий. Гэвч хичээлийн байрны хүчин чадал нь ердөө 140 мянга орчим хүүхэд багтахаар байна.

Энэ нөхцөл байдлаас үүдэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургуулиуд Үндсэн хуульд заасан эрхийн заалтаа биелүүлэхийн тулд өдөрт 3-4 ээлжээр хичээллэж, нэг ангид суралцах хүүхдүүдийн тоог стандарт хэмжээнээс даруй 2-3 дахин хэтрүүлэн хичээллэж байна. Энд нэн түрүүнд шинэ сургуулийн барилга, хуучин сургуулиудын өргөтгөлийг яаралтай барих, шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна.

Түүнчлэн Нийслэлийн хэмжээнд 671 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 230 нь төрийн өмчийн, 441 нь хувийн өмчийнх бөгөөд эдгээрт 116 мянга орчим хүүхэд хамрагдаж байна. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдийн 76 хувь нь ямар нэгэн байдлаар цэцэрлэгт хамрагддаг гэсэн үг.

Гэхдээ нийслэлийн төрийн өмчийн нийт цэцэрлэг 45,300 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 84,200 гаруй хүүхэд хүлээн авч хүчин чадлаа даруй 85 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. Дээр нь нэг багшид 25 хүүхэд ногдох ёстой гэсэн стандарт олон улсад үйлчилж байхад манай нэг багшид 38 хүүхэд ногддог.

Мөн энд барилга байгууламж, анги танхимын хүрэлцээ хангалтгүй зэрэг дэд бүтцийн асуудлаас гадна суурьшлын бүсээс үүдэлтэй хүртээмжгүй, чанаргүй боловсролын асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн дийлэнх нь хотын төвдөө буюу орон сууцны хорооллуудад түшиглэсэн байгаа нь энэ салбарын өөр нэг гажуудлыг илтгэдэг.

Тиймээс хүртээмжтэй, чанартай боловсролын системийг бүтээхийн тулд юун түрүүнд сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийг шинээр барьж байгуулах, өргөтгөл хийх замаар нэг багшид ногдох хүүхдийн тоог бууруулж сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд явуулдаг болно. Ингэснээр бүх шатны боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн нийслэлийн МАН-ын хороо үзэж байна.

Түүнчлэн байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан зөвлөн туслах багийг ажиллуулахаар зорьж байна.

Улс орнуудын төвлөрлийг сааруулж, хотын захын дүүргүүдийн хөгжлийг дэмжих суурь ойлголт ч мөн энэ асуудалтай холбогддог. Энэ нь эргээд технологийн эринд хүүхэд багачууд монгол ахуйтайгаа технологийн дэвшлийг ашиглан танилцах бүхий л боломжийг өргөжүүлэх боломжтой гэж харж байна.

Монгол Улсын хүн амын насны дундаж үзүүлэлт харьцангуй залуу байгаа бөгөөд ирэх жилүүдэд ч өсвөр насны хүүхдүүдийн тоо нийт хүн амын өсөлттэй харьцуулахад харьцангуй хурдтай өсөх хандлагатай байна. Энэ нь цаашид сургууль, цэцэрлэгийн эрэлт, хэрэгцээ улам нэмэгдэхийг хэлж буй бөгөөд хэрвээ энэ чигээрээ байвал Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн олон улсын конвенц, Үндсэн хуулийн тэгш хамрагдах боловсролын зарчмаа биелүүлж чадахгүйд хүрэхээр байгаа учраас нийслэлийн МАН-ын хорооноос энэ удаагийн сонгуульд хүртээмжтэй, чанартай боловсролыг иргэн бүрт олгох хөтөлбөрийг хэд хэдэн шийдлээр үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойлоод байгаа юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.