2020 он эдийн засгийн удаашрал, хямрал, хуваагдал, цар тахалтай хүндхэн жил болж байна. Энэ оны Нобелийн энх тайвны шагналд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг дэлхийд танил олон эрхэм, мөн олон улсын байгууллага дэвшсэн билээ.
Тэгвэл энэ долоо хоногийн баасан гарагт энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтныг албан ёсоор нэрлэх гэж байна. Өнөөдрөөс эхлээд Нобелийн бусад салбарт шалгарсан шилдэг мэргэжилтнүүдийг зарлаж эхэлнэ.
Норвегийн Нобелийн шагналын хорооны мэдэгдсэнээр энэ жил 318 нэр дэвшигч бүртгэгдэсний 211 нь хувь хүмүүс, 107 нь албан байгууллага байгаа ажээ.
Тэгвэл энэ жил коронавируст цар тахал дэлхий даяар тархсантай холбогдуулан уг өвчний эсрэг хамгийн их хүчин чармайлт гаргасан нэгэн Нобелийн энх тайвны шагнал хүртэж магадгүй гэсэн таамаг судлаачдын дунд гарчээ. Тухайлбал 10 сарын турш коронавирусийн эсрэг тэмцэж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг Black Lives Matter хөдөлгөөнийхөн ялагч болоход хамгийн ойр нэр дэвшигчдэд тооцогдож байна. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хурцаар шүүмжлэн санхүүжилтээ татах хэмжээнд хүрсэн.
Зарим шинжээчид Оросын Ерөнхийлөгч Путин биш харин сөрөг хүчний удирдагч Алексей Навальный энэ жилийн ялагч болж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлж байна. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Новичок-т хордож Германд эмчлүүлсэн билээ.
Хэдийгээр цар тахлын үе тохиосон ч Ерөнхий Ассамблейн 75 дахь чуулга уулзалтыг цахимаар зохион байгуулсан НҮБ ч ялагч болж магадгүй гэсэн санал байна. Мөн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн шагналтнуудын тэргүүн эгнээнд яригдаж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.