Жеймс Бондын тухай цуврал бүтээлүүдийн шинэ анги болох "No Time To Die" киноны нээлт коронавирусийн цар тахлын улмаас дахин хойшилж, 2021 он хүртэл үзэгчдэд хүрэх боломжгүй болжээ. Жүжигчин Даниел Крейг нэрт тагнуулч Жеймс Бондын дүрийг сүүлийн удаа амилуулж байгаа тул энэ удаагийн киноны хүлээлт асар өндөр байгаа билээ.
Дэлхийд алдартай нууц тагнуул "007"-ын тухай цуврал киноны 25 дахь бүтээл болж байгаа шинэхэн анги нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд дэлхийн нээлтээ хийхээр болсныг кино бүтээгчид албан ёсоор зарласан юм. Тус кино анх энэ оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх ёстой байсан ч цар тахлын улмаас 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл хойшлоод байсан билээ.
Үүнтэй адил Холливудын том бүтээлүүд кино театруудад нээлтээ хийх хугацаагаа хойшлуулсаар байгаа. Мөн Хойд Америкийн хамгийн том зах зээлүүд болох Нью-Йорк, Лос Анжелес хотын кино театрууд хаалттай хэвээр байгаа юм.
Дэлхийн олон улсад хэдэн сарын турш үргэлжилсэн хөл хорионы дараагаар орон орны кино театруудад өргөн хэмжээний нээлтээ хийсэн анхны блокбастер кино болох "Tenet"-ийн тасалбарын борлуулалт АНУ-д сулхан явж байгаа аж. Үүний улмаас ч тэр үү Холливудын продюсерүүд эрсдэлээс ихэд болгоомжилж байгаа бололтой.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.