Францын нийслэл Парис хот энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн баар цэнгээний газруудын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасныг Засгийн газраас мэдээлжээ. Ерөнхий сайд Жан Кастексын хэлснээр ирэх хоёр долоо хоногийн хугацаанд хориг арга хэмжээ үргэлжлэх ба коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээнүүдийг өнөөдөр буюу даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар албан ёсоор танилцуулна гэжээ.
Ням гарагт Франц улсад Ковид-19 цар тахлын 12,565 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин бямба гарагт цар тахал эхэлснээс хойш хамгийн их буюу хоногт 17,000 хүн халдвар авсан байна. Эрх баригчид улс даяар хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд оронд нь тархалт эрчимтэй байгаа хотуудад хязгаарлалт тавих нь зүйтэй гэж санал нэгджээ.
Марсель хотод өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол нэмэгдсэн тул баар, зоогийн газруудын үйл ажиллагааг дахин хаасан юм. Харин Парис хот хоёр дахь удаагаа цэнгээний газруудын үйл ажиллагааг хаалаа.
Францын нутаг дэвсгэр даяар 100,000 хүн тутмын 250 нь Ковид-оор халдварласан ба эрчимт эмчилгээний тасгийн орны 30 хувийг коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулан бэлдэж байна.
Парист цэнгээний газруудыг хаасан ч зоогийн газрууд ариутгалын шинэ дүрэм журмыг баримтлан сургууль, их сургуулиудын адил нээлттэй үлдэнэ. Гэхдээ 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Хотын оршин суугчид уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа цахим орчноор дамжуулан илэрхийлсэн байна.
Францаас гадна БНЧУ-д коронавирусийн тархалт дахин дэгдэхээс сэргийлж өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжих шинэ хориг, хязгаарлалтын арга хэмжээг танилцуулахаар зэхэж байна. Дунд сургуулиудыг хааж, зоогийн газар, бааранд нэг ширээнд зургаагаас дээш хүн суулгахыг хориглох ажээ. Харин бага сургуулиуд хэвийн үйл ажиллагаагаа явуулна.
Түүнчлэн Испаний Мадрид болон Итали улсуудад халдварын эсрэг шинэ арга хэмжээ дахин авч хэрэгжүүлж эхэлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.