СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-05

Ч.Одгэрэл: Настны ээлтэй орчин бүрдсэн улсад ахмадууд дуртай зүйлээ хийж эрүүлээр урт насалдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй гериатр эмч Ч.Одгэрэлийг урьж ахмад настан судлалын салбарын талаар ярилцлаа.

Ахмад настан судлал бол залуу салбар

Геронтологи буюу ахмад настан судлал бол шинжлэх ухааны бусад салбартай харьцуулахад харьцангуй залуу салбар юм. Геронтологи бол грекээр герон буюу хөгшин хүн, логус буюу судлал-хөгшрөл судлал гэсэн утгатай. Иля Илич Мечников анх шинжлэх ухаанд 1903 онд тэмдэглэсэн, настны нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүй болон биологийг судалдаг шинжлэх ухаан юм. Мөн гериатр (настны эмгэг судлалын шинжлэх ухаан) гэсэн настныг эмгэг талаас нь судалдаг хоёр тусдаа салбар шинжлэх ухаан юм. Эрүүл мэндийн шинжлэх ухаан сайн хөгжсөн ОХУ-д 1957 онд анхны салбар хөгжин дээрх хоёр шинжлэх ухааныг хамт эрчимтэй хөгжүүлсэн байдаг.

Монгол Улсад 1977 онд Улаанбаатар хотын даргын тушаалаар тэр үеийн IV районд ахмадын эмч, сувилагчийг ажиллуулан ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээг тусгайлан авч анхаарал хандуулсан нь анхны алхам болсон. Хожим нь 1998 онд Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн дэргэд “Ахмадын эмнэлэг” байгуулж ахмадын асуудлаар сургалт сурталчилгаа хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсон. Харин 2005 онд Засгийн газрын 209 тоот тогтоолоор бие даасан статустайгаар Геронтологийн төв, 2012 онд Засгийн газрын 231 тоот тогтоолоор Геронтологийн үндэсний төв болж өргөжсөн. Настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эрүүл насжилтын чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах, насжилт түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах, настанд тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Дэлхий нийтээрээ хөгширч байгааг ДЭМБ анхааруулж, ахмадууддаа чиглэсэн тусламж үйлчилгээгээ сайжруулах, настны нийгмийн эрүүл мэндийн оролцоог сайжруулах талаар гишүүн орондоо зөвлөсөн. гэсэн тооцоо гаргасан. Настнуудын 80 хувь нь дунд, бага орлоготой орнуудад амьдрах төлөвтэй байна. Хамгийн эрчтэй өсч байгаа хүн ам бол 85 ба түүнээс дээш насныхан байгаа юм.

Иймээс дэлхий дахинаа настанд зориулсан эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн тогтолцоог зөв оновчтой зохион байгуулан насжилтад бэлдэх хэрэгцээтэй байгааг харуулж байна. . Тиймээс гериатр, геронтологийн шинжлэх ухааны салбарыг одооноос оновчтой төлөвлөн, хөгжүүлэх шаардлагатай. Манай улс ахмад настан судлалын салбарын мэргэшсэн гериатр эмчийг бэлтгэснээс хойш 43 жил өнгөрсөн ч системтэй бодлоготойгоор дэмжиж чадаагүйгээс эрүүл мэндийн бусад салбар шиг хөгжиж чадсангүй. Энэ салбарт хамгийн тулгамдаж буй зүйл нь байрны асуудал байна. Ахмадад төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үзүүлдэг улсын ганцхан үндэсний төв Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байрны 16 өрөөнд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс олон ахмадад хүрч үйлчилж, шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, боловсон хүчнээ нэмэгдүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Ахмадын эмчээр ажиллах сонирхолтой залуу хүн байдаггүй

Настан судлал бол хүүхдийн анагаахын адил хүний амьдралын нэгээхэн мөчлөгт тохиолдох эрүүл ба эмгэгийг судалдаг шинжлэх ухаан юм. Хүүхдийн анагаах ухааны салбар хүүхэд төрөхөөс эхлээд насанд хүрэх үе хүртэлх нас биений онцлогт тохирсон өсөлт хөгжлийн үнэлгээг нарийвчилж гаргадаг. Хүүхэд зургаан сартай сууж, найман сартайдаа босч, 10 сартайгаас алхах гээд хөгжил нь ижил байдаг. Харин настнуудын хувьд тухайн хүний амьдралын хэв маяг, хорт зуршлын хэрэглээ, ажил амьдралын нөхцөл, хувь хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарсан, архаг хууч өвчнүүдээс шалтгаалаад хөгшрөх үйл явц хүн бүрт харилцан адилгүй байдаг. Иймээс настны эмч мэргэжилтнүүд настан тус бүрт тухайн хүний биеийн, сэтгэл зүй, дотоод чадвар чадамж, үйл ажиллагааны чадварууд ямар байна вэ гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн асуумжууд бүхий сорилуудаар үнэлгээ хийдэг. Ингэхдээ нэлээн хэдэн цаг зарцуулж тухайн хүний насжилтын байдлыг тодорхойлж, настны бие даасан байдал, амьдралын чанарт хамгийн их нөлөөлөх эрүүл мэндийн болон нийгэм сэтгэл зүйн асуудлууд, эрсдэлүүдийг гарган ирж тухайн настанг бие даасан амьдралын чанартай байлгахын тулд дээрх эрсдэлүүд дээр интервенци хийж эрүүл мэндийн төлөвлөгөөг боловсруулж өгдөг өвөрмөц онцлогтой тусламж үйлчилгээ юм.

Манай салбарт тулгарч буй хамгийн гол асуудал бол анагаах ухааны сургалтын хөтөлбөрт ахмад настны эмч байдаггүй. Тиймээс эмч, мэргэжилтнүүд бэлтгэгдэж төгсөхдөө настан судлалын талаар ямар ч ойлголт эзэмшихгүй байна. Гериатр эмчийн өвөрмөц тусламж үйлчилгээг эрүүл мэндийн салбарынхан ойлгодоггүй. Зүгээр 55-аас дээш насныханд дотрын эмч шиг үзлэг хийлгэж амбулаторийн ачааллыг хуваалцуулахаар хуваарилж байгаа нь настны салбар хөгжихгүй байгаа гол шалтгаан нь юм.

Ахмад настан судлалын салбар хөгжихөд чөдөр, тушаа болж байгаа хоёрдугаар асуудал нь хүний нөөц дутмаг байна. Өнөөдрийн байдлаар манай төвд ахмад настнаар мэргэшсэн дөрвөн хүн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт, 10 аймагт мэргэшсэн гериатр, эмч, сувилагч ажилладаг. Энэ эмч нарт өөр кабинетийн эмчийн ажлыг хавсаргадаг учир үндсэн мэргэжлээрээ чанартай тусламж хангалттай үзүүлж чаддаггүй. Анх Орос, Украйнд мэргэжлийн байгууллага дээр нь дадлага сургуулилт хийгээд бэлтгэгдсэн учир боловсон хүчний чадамж сайн байсан. Сүүлийн хэдэн жил Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэшүүлэх сургалтаар Геронтологийн үндэсний төв дээр гериатр эмч нарыг бэлтгэж байна.

Бид гериатр эмчгүй аймаг, дүүрэг рүү яриад эмч, мэргэжилтэн бэлтгэхийг санал болгодог ч дундаас дээш настай эмч, мэргэжилтэнг явуулж бэлдүүлдэг. Тэд цөөн хэдэн жил ажиллаад тэтгэвэрт суух цаг нь болчихдог. Мөн дотрын эмчээр төгссөн хүнийг гериатр эмчээр мэргэшүүлье гэхээр дотрын эмч нь өөрөө манай улсад ховор байдаг. Гериатр эмч танин мэдэхүйн болон бие махбодийн чадвар доройтсон, олон архаг хууч эмгэгтэй, сэтгэц, зан төрхийн өөрчлөлттэй ахмад настантай харьцдаг. Өндөр технологийн шинэ тоног төхөөрөмж, оношилгооны арга аргачлал багатай тул залуу эмч, мэргэжилтэн сонирхож ирдэггүй. Мөн настны өвчин эмгэг нь нийгмийн болон сэтгэл зүйн олон асуудалтай хамааралтай, үйл ажиллагааны чадвар чадамжууд доройтсон байдаг тул эмийн болон бусад эмчилгээний үр дүн, санхүүгийн дэмжлэг багатай, цалин тэтгэвэр хүрэлцээгүй байдаг нь эмчилгээг бүрэн хийж үр дүнд хүрэхэд бэрхшээл учруулдаг. Энэ нь залуу эмч, мэргэжилтэн энэ салбарыг сонирхож ирэхгүй үндсэн шалтгаан болдог. Мөн төрийн албаны цалин бага, Геронтологийн үндэсний төвийн ажлын байрны нөхцөл, эрүүл ахуйн болон өрөө тасалгаа, зай талбайн шаардлага хангахгүй байгаатай холбоотойгоор боловсон хүчин тогтвор суурьшилтай ажилладаггүй тул хүний нөөцийн дутагдалтай байдаг.

Эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртэх эрхийг нь зөрчиж байна

Олон улсад гериатрийн тусламж үйлчилгээг 65 ба түүнээс дээш насанд үзүүлж үнэлгээг тогтмол хийдэг. Монгол Улсад ахмад настны хуулийн дагуу настан гэж 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйг хэлдэг нь насны ангиллын хувьд зөрүүтэй байдаг. Дэлхий дахинаа настан хаа байгаа газраа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах ёстой гэж хуулиар зохицуулсан байдаг. Олон улсын жишгийг дагая гэвэл аймаг, дүүргийн эмнэлэгт төдийгүй өрх, сум тосгоны эмнэлэгт хүртэл настны чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтэн байх шаардлагатай болж байгаа юм.

Настанг эрүүл мэндээр нь таван бүлэгт ангилж үздэг. Нэгдүгээр бүлэг цоо эрүүл. Энэ бүлэгт хамрагдах настан байдаггүй. Хоёрдугаар бүлэг харьцангуй эрүүл. Нийт настны 16.5 хувийг эзэлдэг. Гуравдугаар бүлэгт ээнэгшил бүхий архаг өвчтэй настан, дөрөвдүгээр бүлэгт хагас ээнэгшилтэй архаг өвчтэй хүмүүс, тавдугаар бүлэгт ээнэгшлээ алдсан архаг өвчтэй хүмүүс багтдаг. Настанг анхнаас нь эрүүл мэндийн бүлгээр ангилаад хэрэгцээнд нь нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Жишээлбэл, I, II, III бүлгийн настнууд бие даах чадамж сайн байдаг тул өөрсдөө ирээд тусламж үйлчилгээ авч чадна. Иймд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт тогтмол хамруулан эрүүл амьдралын хэв маягийг суртачлан таниулах, сонирхлын бүлгүүдийг олноор байгуулан хамт олонд тулгуурласан сэргээн засах болон дасгал хөдөлгөөн хамрагдах боломжоор хангах нь чухал. Харин IV, V бүлгийн настнуудын бие даах чадвар, дотоод чадамж буурсан, хэн нэгний асран хамгаалалд байдаг тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ирж авах чадвар бага. Тиймээс амьдарч байгаа газарт нь очиж тусламж үзүүлэх хэрэгтэй. Дээрх бүлгийн настнуудад эрүүл мэндийн цогц үнэлгээг хийж, тусламжийн хэрэгцээг үнэлэн, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг тодорхойлон, эрсдэлд суурилсан эрүүл мэндийн төлөвлөлтийг хийнэ. Насжилт өндөр хөгжсөн орнуудад урт хугацааны асаргаа сувилгааны төвүүд, сувилахуйн төвүүд байдаг. Энэ нь манай улсад хөгжиж чадаагүй байна. Тиймээс одоогийн байдлаар хамгийн зохимжтой хувилбар болох гэрээр тусламж үйлчилгээ үзүүлж байна. Гэрийн тусламжид заавал хамрагдах тусламж үйлчилгээний хэрэгцээг гаргаад зөвхөн өрх сумын эрүүл мэндийн төв бус лавлагаа шатны тусламж үйлчилгээнүүд болох, геронтологи, хавдар, хөнгөвчлөх, урологийн тусламжийг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэд оруулбал хэвтэрт байгаа настнуудад их дэмтэй болох юм.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо манай улсад хөгжөөгүй

Монгол Улс сүүлийн 90-ээд жил тогтсон эмнэлэгт тулгуурласан эрүүл мэндийн тогтолцоотой явж ирлээ. Энэ нь эмнэлгийн тоног төхөөрөмжөө сайжруулчихвал үйлчилгээний чанар сайжирна гэж боддог. Гэтэл эмнэлгийн оношилгооны чанар өвчтөний эрүүл мэндэд 20 хувь, амьдралын хэв маяг 80 хувь нөлөөлдөг. Тухайн хүн эрүүл хооллоод, дасгал хөдөлгөөн хийж, бухимдлаа зөв зохицуулж, урьчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагддаг бол эрүүлээр урт наслах боломжтой. Гадаадаас ямар ч сайн өндөр технологи, тоног төхөөрөмж оруулж ирлээ гээд хүний амьдралын хугацаа уртсахгүй. Амьдралын хэв маягаас хамаараад ахмадуудын хөгшрөлт янз бүр байдаг. Жишээлбэл, 50 хүрээд үе мөч нь өвдөөд бүх шүд нь уначихсан хүн байхад 100 хүрч байгаа хэрнээ нуруу нь цэх, шүд нь бүтэн хүн ч байдаг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо хөгжиж байж эрүүл насжих боломж бүрдэнэ. Дэлхийн эрүүл мэндийн тогтолцоо урьдчилан сэргийлэх чиглэл рүү явж байхад манай улс нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн бодлогыг одооноос ярьж эхэлж байна.

Олон улсад хүүхдийг төрсөн цагаас нь зөв амьдралын хэв маягт сургаж өсгөдөг учраас эрүүлээр урт насалдаг. Харин манай улсад энэ байдал эсрэгээрээ. Бие нь өвдчихсөн, өвчин нь ужгирсан үед эмнэлгийн байгууллагад ханддаг. Тухайлбал, Геронтологийн үндэсний төв 55-аас дээш насны хүмүүст үнэлгээ хийгээд эрсдэлийг бууруулъя гэхээр үр дүн бага байдаг. Уг нь . Геронтологийн үндэсний төв өдөрт 35-40 хүнд үйлчилдэг. Ихэнх нь эмнэлэг шиг оношилгоо хийлгээд эм бичүүлээд буцах сонирхолтой байдаг. Миний оюун санаа, бие даах чадамж ямар байна, юуг анхаарах вэ гэж асууж сурагладаг болтол нь ахмад настан судлалын салбараа хөгжүүлж чадсангүй. Хүмүүс 25 наснаас эрүүл мэндээ төлөвлөж, тогтмол үзлэгт хамрагдаж, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллоод ажил амралтын дэглэмээ зөв зохицуулж чадвал амьдралын эцсийн мөч хүртлээ өөртөө үйлчлэх чадамжтай наслах бүрэн бололцоотой юм.

Настны ээлтэй орчин бүрдсэн улсад ахмадууд дуртай зүйлээ хийж, сонирхсон клубтээ явж, эрүүлээр урт наслах бүрэн боломжтой. Ахмад настан судлалын салбар хамгийн сайн хөгжсөн орон нь Япон. Тэд настай хүмүүсийнхээ чадаж байгаа зүйлийг нь хийлгэдэг. Би Японы сувилахуйн газар дадлагажихаар очиход онгоцны буудал дээр 90 гарчихсан настан “Би танд тусалъя” гэсэн самбар барьчихсан шинээр очсон жуулчидтай англиар ярьж, чин сэтгэлээсээ тусалж байсан. “Та энд цалинтай ажилладаг уу” гэсэн чинь “Би үүрэг хариуцлагаа ухамсарлаад хүнд тусалж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хэн ч надад цалин өгдөггүй” гэж хариулсан нь настан нийгэмд хэрэгцээтэй, үнэ цэнэтэй хувь хүн байж тэгш эрхтэй оролцон, нийгмийн салшгүй хэсэг болж чөлөөтэй амьдрах боломжтой нийгэм байгааг харахад бахархалтай байсан. Сайн дурын болон бусад төрлийн хөдөлмөр эрхлэх бололцоо бүрэн хангасан байдал нь настанг гэртээ ганцаардаад гутраад суухгүйгээр нийгэм хамт олны дунд амьдрах бололцоог бүрэн дэмжсэн байсан.

Бүх ахмад настныхаа эрүүл мэндийн байдлыг нь үнэлүүлээд өөрт нь тохирсон үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Чөлөөт цагаа өнгөрүүлэх сургалт, дугуйлан, өдөр өнжүүлэх төв, сэргээн засах тусламж үйлчилгээ явуулдаг өдрийн эмчилгээний сувилахуйн газар, асрамжийн газар гэсэн байдлаар гадаадад байдаг настны тогтолцоо шиг энэ салбарыг хөгжүүлэх боломжтой. Манай улс хууль эрх зүйн орчноо бэхжүүлээд байдаг хэрнээ боловсон хүчнээ сургаж, тогтвор суурьшилтай ажиллуулахад олон салбар хоорондын уялдаа холбооны түвшинд ажиллаж чаддаггүй нийтлэг дутагдалтай байдаг.

Б.ДОЛЖИНЖАВ

2020.10.5 ДАВАА № 192 (6417)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.