Бельгийн хаан асан хоёрдугаар Альбертын нууц охиныг хааны бусад хүүхдүүдийн адил хэргэм цол хүртэж, эрх ямба эдлэх ёстой гэсэн шийдвэрийг шүүхээс гаргажээ. Шүүхийн шийдвэр ёсоор уран бүтээлч 52 настай Дельфина Боль хааны албан ёсны гэр бүлээс төрсөн бусад гурван хүүхдийн адил Бельгийн гүнж цол хэргэмийг хүртлээ.
Өнгөрсөн 10 гаруй жилийн турш хаан Альберт Болийн албан ёсны эцэг мөн эсэх талаар маргаан үргэлжилсний эцэст энэ жилийн нэгдүгээр сард эцэг нь мөн болохыг ДНХ-ийн шинжилгээгээр баталсан юм. Хатагтай Баронесс Сибилле дэ Селис Альбертыг хаан ширээнд суухаас өмнө 18 жилийн турш дотно холбоо харилцаатай байсан гэдгээ нотлоод байсан билээ.
Хамгийн анх 1999 онд хэвлэгдсэн Альбертын албан ёсны эхнэр хатан Паолагийн албан бус намтарт анх удаа гэр бүлээс гадуур харилцаанд хүүхэдтэй болсон тухай дурдсанаар цуу яриа гарах болсон юм. 2005 оны ярилцлагын үеэр Боль хаан Альберт түүний биологийн эцэг байсан тухай анх мэдээлжээ.
Ээдрээтэй хэргийн эцэст Боль албан ёсоор гүнж цол хэргэм хүртэж, хүлээн зөвшөөрөгдсөндөө баяртай байна гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Өмгөөлөгч Марк Уиттендаэлегийн хэлснээр “шүүх дээр ялалт байгуулсан нь эцгийн хайрыг хэзээ ч орлож чадахгүй боловч шүүхийн шийдвэрт талархлаа. Үүнтэй ижил нөхцөл байдалд байдаг олон хүүхдэд бодит байдалтай нүүр тулах хүч өгч байна” гэжээ.
Шүүхийн шийдвэр гарснаар Боль болон түүний хоёр хүүхэд хааны удмын нэрийг өвлөн авч байна. Гэхдээ цол хэргэм хүртсэн ч хааны удмынхны эрх ямба, хандив тусламжаас татгалзаж байгаа гэдгээ тэрээр хэлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.