Өнгөрсөн сард хордон, одоогоор Германы эмнэлэгт эмчлүүлэн, бие нь сайжирч байгаа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный пүрэв гарагт нийтлэгдсэн мэдэгдэлдээ түүнийг Зөвлөлтийн үеийн Новичок хороор хордуулсан дайралтын цаана зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байх боломжтой хэмээн мэдэгджээ.
Тэрбээр халдлагаас хойших анхны ярилцлагаа Германы "Der Spiegel" агентлагт өгсөн бөгөөд энэ үеэрээ "Гэмт хэргийн цаана Путин байсан гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ хэргийн талаар надад өөр тайлбар алга" гэсэн байна.
Навальный түүнийг Новичок төв мэдрэлийн системийн хороор хордуулсан нь зөвхөн ОХУ-ын цэргийн, дотоодын эсвэл гадаадын тагнуулын байгууллагуудын даргын тушаалаар зохион байгуулах боломжтой ажиллагаа бөгөөд эдгээр албан тушаалтнууд харин "Путины зааваргүйгээр ийм шийдвэр гаргаж чадахгүй. Тэд бүгд түүнд тайлагнадаг" хэмээн тайлбарласан юм.
Тэгвэл Кремлийн зүгээс энэ талаар "ОХУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг ийм төрлийн гүтгэлэг нь туйлын үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй явдал" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд "Дээр дурдсан хэвлэлд нийтлэгдсэн зарим мэдэгдлийг бид доромжлол гэж үзэж байна" хэмээн мэдэгдэв.
Песков мөн АНУ-ын Тагнуулын төв газрын мэргэжилтнүүд Навальныйтай хамтран ажиллаж, түүнд заавар зөвлөгөө өгч байгаа гэсэн мэдээлэл хүлээн авсан хэмээсэн юм. Үүний хариуд Навальный Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийг шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд, өөрийг нь ТТГ-тай хамтран ажиллаж байгаа гэх нотлох баримтуудаа олон нийтэд ил болгохыг шаарджээ.
"Der Spiegel" сэтгүүлийн зүгээс Навальныйг ярилцлага өгөх үеэрээ хошигнол хэлэн, сэргэлэн цовоо байсан гэж тодорхойлсон хэдий ч түүний гар нь маш их чичирч, ус уухын тулд их хүндрэлтэй учирч байсан гэдгийг онцолсон юм.
Харин Навальный өмнө нь мэдэгдэж байсан шигээ боломжтой болсон үедээ Орос руу буцахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Тэрээр "Буцахгүй байх нь Путин ялж, зорилгодоо хүрсэн гэсэн үг. Одоо миний ажил бол айгаагүй залуу хэвээр үлдэх. Би айхгүй байна! Миний гар чичирч байгаа нь айсандаа биш харин энэ хороос болсон. Орост эргэж ирэхгүй байх бэлгийг би Путинд өгөхгүй" гэжээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.