"Монгол шуудан" ХК болон "Ард кредит" ББСБ хамтран "Монгол шуудан"-гийн бүх салбараар гадаад мөнгөн гуйвуулга /postalpay үйлчилгээ.сур/ хийх үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүллээ.
"Монгол шуудан" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар:
-Сая би картаараа БНСУ руу мөнгө гуйвууллаа. 2мин дотор гүйлгээ хийгдэж байна. БНСУ-д шуудангийн 6000 орчим салбар бий. БНСУ-д байгаа манай иргэд шуудангийн хамгийн ойр салбараас эх орон руугаа гуйвуулгыг хурдан, шуурхай хийх боломжтой боллоо.
Ер нь дэлхийн 198 орны шуудан үйлчилгээний газрын 90 хувь нь санхүүгийн үйлчилгээ эрхэлж байгаа. 2021 оноос бүх улс руу гуйвуулах боломжтой болно.
"Ард" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:
-15 жил бодож, төлөвлөсөн ажлаа өнөөдөр хийлээ. Гүйлгээ хийхийг хараад мэргэжлийн хувьд маш их бахархал төрж, сэтгэл хөдөлж байна. 15 жилийн минь мөрөөдөл биеллээ. БНСУ гэж яриад байгаа боловч, 100 гаруй улс руу мөнгөн гуйвуулга хийж эхэлнэ. Бусад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ $20-30-ын шимтгэлтэй байдаг бол шуудангаар гуйвуулах шимтгэл $8 байна. Бид хямдхан, найдвартай, хурдан үйлчилгээг хамгийн төгс байдлаар шийдээд байна.
"Ард кредит" ББСБ-ын гүйцэтгэх захирал Г.Тэлмэн:
-БНСУ-ын талаас 20 хүртэл мянган ам.доллар гуйвуулж болно. Шимтгэл нь ердөө 12 мянган төгрөг. Харин Монголоос 5000 ам.доллар гуйвуулж болно. Бид аль болох шимтгэлээ багасгана. Өнөөдрийн байдлаар бид 40 улс руу мөнгө гуйвуулах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.