БОАЖЯ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон технологи-2020” өдөрлөг өнөөдөр нээлтээ хийлээ. Тус өдөрлөгт байгаль орчинд ээлтэй, боломжийн үнэтэй дулаалга, халаалтын шийдлүүдийг танилцуулж байна.
Химийн бодисын ашиглагдсан полиэтилен канистр, торх, IBC танк, гялгар уут шуудай, баглаа боодлыг дахин боловсруулж хуванцар үрлэн түүхий эд үйлдвэрлэх эко үйлдвэр БОАЖЯ-ны ногоон гэрчилгээг авсан юм.
"ЦЭЦҮҮХ ТРЕЙД" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Намжил:
-Энэ ногоон технологи химийн хуванцар, аюултай сав баглаа боодлыг боловсруулж хоёр дахь, гурав дахь түүхий эд болох хуванцар үрэл гаргадаг. Давуу тал нь байгаль орчныг маш олон жил бохирдуулж байгаа хуванцаруудыг ашиглахад оршиж байгаа юм.
Хөрс, ус, агаар бохирдуулдаг хуванцаруудыг ашигладаг. Хоёр дахь нь, эрүүл мэндийг маш их хохироож байгаа хуванцар савнуудыг багасгахад давуу талтай. Хөдөөний маш олон малчин хуванцар саванд ус, сүүгээ хийж ашигладаг. Хүнсний зориулалтын бус савыг ингэж ашиглаж болохгүй. Олон улсын 7-р заалтад багтдаг. ДЭМБ-ын санамжаар хорт хавдарыг 29 дахин өсгөх эрсдэлийг үүсгэдэг.
Биед хортой бодисууд аажмаар хордуулдаг ийм аюултай. Манай технологи нь ногоон хөгжилд суурилсан, байгальд ээлтэй технологи юм. Үйлдвэрийн хайлах хэсгээс гарч байгаа хортой хийг шууд соруулж авна. Тэгээд озон, хэт ягаан туяаны багажаар ариутгаад задлаад хүчилтөрөгч болгож агаарт гаргана. Ийм учраас агаарын бохирдол байхгүй. Мөн үйлдвэрт хэрэглэсэн саарал усаа дахин ашиглах саарал усны байгууламжтай. Энэ байгууламжаараа саарал усыг олон дахин цэвэршүүлж ашигласнаар усны нөөцөд ээлтэй ийм технологи юм.
“Ногоон технологи-2020” өдөрлөгт гэр хорооллын дулаан, халаалтын асуудлыг шийдвэрлэх “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл"-ийг онцоллоо. Тухайн төсөл нь энэ жил монгол гэрийн халаалт, дулаан алдагдал дээр шинэ санаачилга гаргажээ.
Дэлхийн банкны “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн үйл ажиллагааны менежер А.Нинжин:
-Манай төсөл шөнийн дулаан хуримтлуулаар халаалтыг шийдэх цогц хөтөлбөрийг иргэдэд санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр олгож байгаагаараа онцлогтой. Манай төслийн хүрээнд 5000 айл өрхийг энэхүү хөтөлбөрт хамруулж байгаа. Хөтөлбөрт хамрагдсанаар 70 хувийн хөнгөлөлттэйгөөр гэр орондоо дулаалга хийлгэх боломжтой. Энэ маань агаарын бохирдлыг бууруулахад маш том хувь нэмрийг оруулна.
Бид нүүрсгүй хэрэглээ буюу халаалтыг ямар ч хүүгүй, барьцаа хөрөнгө гэх мэт шаардлагагүйгээр шөнийн дулаан хуримтлуулах цахилгаан халаалтыг санал болгож байгаа. Үүнээс гадна дэд бүтцийг нь давхар шийддэг. Засгийн газрын шөнийн тогны тариф тэглэсэнтэй холбоотойгоор айл өрхийн тоолуурыг сольж цахилгааны асуудлыг шийдээд, тухайн өрхийг 100 хувь дулаан алдагдалгүй сууцанд амьдрах, нүүрс хэрэглэхгүй амьдрах амьдралыг дэмжин ажиллаж байна.
Манай төсөл гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жилийн онцлог нь гэр сууц юм. Маш олон судалгаан дээр үндэслэж "гэр багц" гаргасан. Гэр байшин аль аль нь манай төслийн 70 хувийн хөнгөлөлттэй санхүүжилтэд орох боломжтой.
Явган зам, тоглоомын талбайн резин хавтанг монголчууд хаягдал дугуйгаар үйлдвэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Жилд дунджаар 80 000 орчим хаягдал дугуй хаягддаг. Эдгээрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, насан туршийн баталгаа олгох үйлдвэрлэл “Ногоон технологи-2020” өдөрлөгөөр танилцуулсан нь анхаарал татлаа.
"ИНИХАС" ХХК-ийн ерөнхий захирал Н.Мөнхбаяр
-Эдэлгээ нь дууссан эсвэл хагарч буудсан, жагсаалаас гарсан дугуйг гурил тээрэмддэгтэй адил тээрэмдэн жижиглэнэ гэсэн үг. Үүний дараа буталсан бэлдэцээ тусгай зориулалтын цавуутай хольж, 140-180 хэмд жигнэж, даралтаар шахна. Зузаан нимгэн, хээтэй хээгүй, өнгөтэй өнгөгүй гээд янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Хэрэглээний хувьд барилга байгууламж, гудамж талбай, гадна талбайн тохижилт, бялдаржуулах төвийн шал, дуу бичлэгийн студийн чимээ тусгаарлагч, хүнд машин механизмын жийргэвч, зөөлөвч, ферм, аж ахуйн зориулалтаар ч ашиглаж болно.
Хүмүүс хүүхдийн тоглоомын талбайг бүрсэнээр нь сайн мэдэх байх. Угтаа зөвхөн тоглоомын талбай бус явган хүний зам, барилга байгууламжийн дулаалга, тусгаарлалт зэргээр хэрэглэх нь элбэг. Манай улс хаягдал дугуйг шатааж устгахаас өөр дахин боловсруулах аргыг ашигладаггүй. Манай хавтан дахин боловсруулалт хийж байгаагаараа байгальд ээлтэй. Мөн импортын бүтээгдэхүүнийг орлох хэмжээний, түүнээс ч илүү чанартай үндэсний үйлдвэрлэл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.