Манай улс ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн эсрэг 300 мянган тун вакциныг өчигдөр хүлээн авчээ. Уг вакциныг хүлээн авснаар томуугийн эсрэг 500,000 хүн тун вакцинтай болж, томуугийн эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг өнөөдрөөс эхлүүллээ.
6 сараас 9 хүртэлх насны хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд болон архаг хууч өвчтэй ахмад настнуудыг Томуугаар өвчлөх магадлал өндөртэй, хүндрэх эрсдэлтэй бүлэг гэж үзэн эхний ээлжид вакцинд хамруулах юм. Цэцэрлэг сургуулийн хүүхдийг тухайн сургууль дээр нь хийх бол бусад иргэд нь харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад хандана.
Хүүхдүүдийг улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдуулахын өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгсөн байна. Тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхээр нь зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулж вакцинжуулна.
“Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ жилийн тухайд хоёр сая гаруй хүн амыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид эрсдэлт бүлэгт хамаарах иргэдийг дархлаажуулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.