Энэ долоо хоногийн мягмар гарагт 19 настай далит бүсгүй зиндаа дээгүүр дөрвөн эрэгтэйд хүчирхийлүүлж нас барсан тухай мэдээлжээ. Удалгүй 22 настай дахин нэг далит эмэгтэй хүчирхийлэлд өртөж нас барсан тухай мэдээлснээр иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, эсэргүүцлийн жагсаал цуглаан эрчээ аваад байна.
Дээрх хэргүүд Уттар Прадеш мужийн хойд нутгуудад гарсан бөгөөд 22 настай эмэгтэй тус мужийн Балрампур дүүрэгт амиа алджээ. Цагдаагийн ажилтнууд бэлгийн хүчирхийлэл болон хүн амины хэрэг үүсгэн сэжигтэй хоёр этгээдийг баривчлан саатуулсан байна. Балрампур дүүрэг хот нь хэдхэн хоногийн өмнө 19 настай бүсгүйг хүчирхийлж, амийг нь хороосон Хатрас дүүргээс 500 км-ын зайтай ажээ.
Хатрас дүүрэгт хүчирхийлүүлж, хүнд бэртсэн өсвөр насны охин хоёр долоо хоногийн турш амьд үлдэхийн төлөө тэмцсэн ч даван гарч чадсангүй. Харин 20 гаруй насны бүсгүй мөн л хүчирхийллийн золиос болж нас барсныг пүрэв гарагт мэдээлжээ.
Эдгээр хэргүүдийн дараа цахим орчинд хүчтэй эсэргүүцэл өрнөж, каст буюу дээд зиндааныхны бүдүүлэг балмад хүчирхийлэл хэрээс хэтэрч байгаад бухимдаж байна. Энэтхэгт нийгмийн анги давхрааг дөрвөн кастад хувааж үздэг ба эдгээрийн алинд нь ч багтдаггүй далитууд нэн ядуус бөгөөд хүн амын 20 орчим хувь буюу 200 саяыг эзэлдэг.
Орон нутгийн хэвлэлийн ажилтан Саураб Мишрагийн ВВС агентлагт өгсөн мэдээллээр Балрампур хотод жагсаалын үеэр цагдаагийн хамгаалалт гарсан байна. Мөн албаны хүмүүс хохирогчийг хүчирхийлүүлсэн эсэхийг баттай хэлж чадахгүй гэжээ.
Мягмар гарагийн орой хохирогч гэртээ ирээгүйд эцэг эх хоёр нь гайхширчээ. Хохирогчийн ээж Мишрагийн хэлснээр ойрхон сургуульд хүсэлт гаргаад буцах замд нь 3-4 эрэгтэй түүнийг зогсоож машиндаа хүчээр суулгаад явсан байна. Гэмт этгээдүүд залуу бүсгүйд хүчээр мансууруулах бодис татуулж, дараа нь хүчирхийлэн хөл, нурууг нь хугалан рикшад суулган гэр лүү нь явуулжээ. Юу болсон тухай асуухад хариулах тэнхэлгүй болсон байсан бөгөөд удалгүй гэдэс нь шатах мэт зовиур төрснийг хэлж 10 минутын дотор эмнэлэгт хүргэсэн ч маш хүнд байсан тул эмч нар түүнийг хотын том эмнэлэг рүү аваачихыг зөвлөсөн боловч удалгүй бүсгүй нас барсан байна.
Ард иргэдээс гадна сөрөг хүчний улс төрчид яаралтай энэ мэт бусармаг хэргийг таслан зогсоохыг эрх баригч Бхаратияа Жаната намаас шаардаж байна. Жагсаал хэрэг гарсан хотуудаас гадна нийслэл Дели зэрэг хэд хэдэн хотод газар авчээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.