Английн нэгэн гэр бүл цар тахлын хөл хорионы үеэр гэртээ байгаа хэрэггүй зүйлсээ хаяхаар шийдэн, их цэвэрлэгээ хийж байх үерээ гараашнаасаа жижигхэн цайны гүцний хэлбэртэй эртний эдлэлийг олсон байна. Ингээд гэрийн эзэн тус "цайны гүц"-ийг дуудлага худалдааны мэргэжилтнээр үнэ төлбөргүй үнэлүүлэх санаатай аваачсан хэдий ч уг эртний эдлэл 390 мянган фунт стерлинг буюу 497 мянган ам.доллароор зарагджээ.
Их Британийн "Hansons" дуудлага худалдааны компанийн "Энэ оны олдвор" хэмээн тодорхойлсон уг эдлэл нь 18-р зууны Хятадын Чяньлун эзэн хааны тэмдгийг агуулсан ховор дарсны гүц болох нь тогтоогджээ. Ердөө 362 грамм жинтэй энэхүү зэс, паалан эдлэл нь цэцгийн хээгээр чимэглэгдсэн бөгөөд жижиг бариул, хошуугаараа онцлог аж.
Уг эдлэлийн эзэмшигч нь үүнийг өвөөгөөсөө өвлөн авсан бөгөөд түүний өвөө нь Дэлхийн 2-р дайны үед Алс Дорнодод байлдаж явахдаа уг гүцийг "олж авсан" аж.
"Hansons" компанийн үүсгэн байгуулагч Чарльз Хансон анх энэ ховор гүцийг 25,000-51,000 ам.доллароор үнэлж байсан ч дуудлага худалдаанаас өмөн 127,000-191,000 ам.доллароор зарагдах байх гэж тооцоолж байжээ. Гэвч цахим дуудлага худалдааны үеэр утсаар саналаа ирүүлж буй худалдан авагчдын дунд ширүүн өрсөлдөөн үүсэж, эртний гүц ердөө 12 минутын дотор бараг 500,000 ам.долларт хүрэх үнээр зарагдсан байна.
Энэхүү ховор гүцний шинэ эзэн хэн болох нь хараахан тодорхой болоогүй байгаа хэдий ч тус дуудлага худалдаанд БНХАУ, АНУ-ын цуглуулагчид ихэвчлэн оролцсон байх гэж Чарльз Хансон таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yarshig l bnda hogruu shidehgui,avsan mangar hujaa ni helee hazsan bhda