АНУ-ын "Tesla" болон "SpaceX" компанийн Гүйцэтгэх захирал Элон Маск дахин коронавирусийн цар тахлын эрсдэлийг үгүйсгэлээ. Тэрээр "New York Times" сонины "Sway" нэртэй подкастад өгсөн ярилцлагадаа Ковид-19-ийн эсрэг вакцин гарсан цагт тус вакциныг хийлгэхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Маск энэ талаар "Би Ковид тусах эрсдэлд ороогүй, миний хүүхдүүд ч мөн адил" гэсэн юм. Тэрээр мөн халдварын тархалтыг бууруулахын тулд олон нийтийг гэртээ байхыг шаардахын оронд "Эрсдэлд орсон хэн болгоныг тусгаарлах ёстой" гэсэн байна.
Сэтгүүлч Кара Свишер түүний санал болгож буй нөхцөл байдалд олон хүний амь үрэгдэх магадлалтай гэдгийг онцлоход Маск "Бүх хүмүүс үхдэг" хэмээн хариулжээ.
Блүүмбергийн тэрбумтнуудын индексийн дагуу дэлхийн гурав дахь баян хүн болох Маск өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын удирдлагууд гэрээсээ гарахгүй байх дүрэм журам тогтоосныг "де-факто гэрийн хорио" хэмээн нэрлэж, эсэргүүцлээ илэрхийлээд байсан.
Тэгвэл түүний ажилчдын нэг нь халдвар авч, гэр бүлээ эрсдэлд оруулна хэмээн санаа зовж байвал яах вэ гэсэн асуултад Маск тэдэнд зүгээр л "Гэртээ үлд" гэж хэлнэ хэмээв. Харин тэрээр тус ажилтанд цалин хөлс өгөх эсэхээ хэлэхээс татгалзжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.