Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. Тэрбээр орон нутаг дахь төсвийн үр ашиггүй зарцуулалттай холбогдуулан гишүүдэд хатуухан үг хэлсэн юм.
"Та бүхэн сар гаруйн өмнө улсын төсвийг тодотгохдоо аймшиггүйгээр 4,8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр ханддаг чинь доор шууд тусгалаа олж, орон нутагт төсвийг үрэн таран хийх уралдаан явагдаж байна. Төсвийн алдагдал бол өр! Тэр хаашаа ч алга болохгүй, иргэд татвараараа л барагдуулдаг. Ажил хийж байгаа бүх хүн хөдөлмөрийн хөлснөөсөө суутгуулж та нарын тавьсан алдагдлыг нөхдөг юм. Эсвэл гадаадаас зээл авах арга бодож олдог.
Одоо та бүхэн ирэх 2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлана. Бас бөөн алдагдалтай батлах уу? Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ. Энэ их хуримтлагдсан өрөнд санаа зовж байгаа эрхэм гишүүд байгаа болов уу?
Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох юм уу? Яагаад ахиухан экспортын орлого олоход УИХ дорвитой анхаарахгүй, шийдэж болохгүй байна вэ?
Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна.
Асуудлынхаа эрэмбийг олж харъя! Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна.
Баялаг нь байгаа, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.
Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол ирж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг үлэмж агшина гэдгийг мөн анхаарууллаа. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?
Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна. Бүгдийг зэрэг шийдэх ямар ч боломжгүй. Хамгийн чухал, хамгийн суурь асуудлаа эхэнд нь эрэмбэлж байж л асуудлууд ар араасаа шийдэгддэг нь зүй тогтол юм.
Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж, үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсэж, бас шаардаж байна.
Ирэх оны төсөвт дараах асуудлыг тусган шийдвэрлүүлэх ёстой гэдгийг Та бүхэнд сануулж байна:
Эдгээрийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр анхааралдаа авч, төсвийг батлахдаа мөрдлөг болгоно уу. Намрын чуулганаар олон асуудал хэлэлцэхийн нэг нь Шүүхийн тухай багц хууль юм. Үүн дээр би тусгайлан санал, дүгнэлтээ танилцуулах учир энэ удаад орхиё.
Эцэст нь 13 аймгийн иргэдтэй хийсэн уулзалтууд дээр 500 гаруй хүн санал бодлоо биечлэн илэрхийлснийг дүгнэн хэлье. Нийт иргэд маань “нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй” гэдэг захиасыг захилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.