Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулиар маргаантайгаар ялалт байгуулж, нууцаар тангараг өргөсөн Александр Лукашенког Европын Холбоо, АНУ зэрэг барууны улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний тод жишээ болж Их Британи, Канад зэрэг улсууд Лукашенкогийн эсрэг хориг тавьсан явдал юм.
Сонгуулийн саналыг луйвардсан гэж үзэж байгаа Их Британийн Засгийн газар Беларус улсын Ерөнхийлөгч болоод түүний хүү, Засгийн газрын нөлөө бүхий зургаан эрх мэдэлтний эрсэг хөрөнгийг нь царцааж, хил нэвтрэх эрхийг нь хязгаарласнаа мэдэгдлээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Раабын мягмар гарагт мэдэгдсэнээр Лукашенко өөрийг нь эсэргүүцэн гудамжинд жагсаал хийж буй иргэдийн ардчилал, хүний эрхийг зөрчиж, хүч хэрэглэн цэрэг цагдаа нарыг тараан байршуулсны хариуд Канад улстай ижил хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл Канадын Засгийн газар ч мөн Лукашенкогийн эсрэг хориг баталсан.
Лукашенкогийн хүү Виктор, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Игор Сергейнко нар хориг тавьсан этгээдүүдийн дунд багтжээ. Беларуст үүссэн нөхцөл байдалд эрх баригчдыг буруутгаж сөрөг хүчнийг дэмжиж байгаа улс орнууд болох Литва, Польш улсууд Лукашенкод дарамт шахалт үзүүлэхийг хөрш зэргэлдээ орнууддаа уриалсан.
Наймдугаар сарын 9-ны өдөр болсон сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд долоон долоо хоногийн турш жагсаал хийсэн бөгөөд энэ хугацаанд 12,000 гаруй иргэнийг баривчлан саатуулжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.