Кувейт улсын эмир Шейх Сабах аль Ахмед аль Сабах 91 насандаа таалал төгссөнийг төрийн мэдлийн сувгаар нь мэдээллээ. Эмирийн залгамж халааг түүний эцэг нэгт дүү 83 настай угсаа залгамжлах ханхүү Шейх Наваф аль Ахмед хүлээн авчээ.
Шейх Сабах өнгөрсөн долдугаар сард Кувейт улсад хагалгаанд орсны дараа эмчилгээ хийлгэхээр АНУ-ыг зорьсон юм. Тэрбээр улсынхаа гадаад бодлогыг 50 гаруй жилийн турш тодорхойлж, 2006 оноос хойш газрын тосны баялаг нөөцтэй улсынхаа удирдагчаар ажиллажээ.
Шейх Сабах нь Арабын булангийн 1990-1991 оны хооронд үргэлжилсэн дайны дараа Ирак болон Иракийг дэмжсэн улс орнуудтай эргэн харилцаагаа сэргээхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан хэмээн үнэлэгддэг. Мөн тэрбээр Арабын ертөнцийн улс орнуудын дипломат харилцааг сайжруулахад зуучлагч хүчний үүрэг гүйцэтгэн хувь нэмрээ ихээхэн оруулжээ.
Нэр хүндтэй эрхмийг таалал төгссөн явдалд Арабын ертөнцийн нөлөө бүхий удирдагчид гүн эмгэнэл илэрхийлж байна. Тухайлбал Йорданы хаан хоёрдугаар Абдулла Твиттер хуудсандаа “Өнөөдөр бид цэцэн мэргэн ухаантай, хайртай ууган ахаа алдлаа” хэмээн жиргэжээ. Мөн Абу Дабигийн угсаа залгамжлах ханхүү Шейх Мохаммед бин Заед аль Нахьяан “Шейх Сабах бол уран цэцэн, хэмжээлшгүй тэвчээртэй, энх тайвны бэлгэ тэмдэг төдийгүй Арабын булангийн эв нэгдэл, хамтын ажиллагааны агуу чиглүүлэгч байсан” гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес мөн эмирийн дурсгалыг хүндэтгэж, авьяас чадварыг нь өндрөөр үнэлэн гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Шейх Сабах нь 1929 онд төрсөн бөгөөд орчин цагийн Кувейт улсыг үүсгэн байгуулагч Мубарак аль Сабахын гуч хүү юм. Их Британи Кувейтын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөс хойш хоёр жилийн дараа буюу 1963 онд тэрээр Гадаад хэргийн сайдын албыг хашиж эхэлжээ.
Кувейт улс 4,8 сая хүн амтайгаас 3,4 сая нь гадны ажилчид байдаг бөгөөд газрын тосны нөөцөөрөө дэлхий зургадугаарт ордог чинээлэг орон юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.