Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч Венкая Найду коронавирусээр халдварласан болохыг түүний ажлын албанаас өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр мэдэгджээ.
Мэдэгдэлд "Өнөө өглөө коронавирусийн шинжилгээ өгсөн Энэтхэгийн Дэд ерөнхийлөгчийн шинжилгээний хариу "Эерэг" гарсан. Түүний халдвар шинж тэмдэггүй байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа. Тэрээр гэрийн тусгаарлалтад ороод байна" гэсэн байна.
Найду Энэтхэгийн парламентын дээд танхимын дарга бөгөөд саяхныг хүртэл болсон уулзалтуудад оролцсон юм. Харин энэ сарын 23-нд болж байсан намрын чуулганы үеэр парламентын 25 гаруй гишүүн коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдсоны улмаас чуулган цуцлагдсан байна.
Энэтхэг улс коронавирусийн нийт бүртгэгдсэн тохиолдлоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус улсад 6 сая хүн халдвар авч, 97 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: Известия
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.