Нэрт найруулагч Жеймс Кэмероны "Аватар" шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлийн дараагийн анги болох "Аватар 2" киноны зураг авалт 100 хувь дуусжээ. Анх 2009 онд нээлтээ хийсэн "Аватар" кино бараг 10 жилийн турш дэлхийн хамгийн өндөр ашиг орлого олсон кино хэвээр байсан юм.
Найруулагчийн хэлснээр тус киноны зураг авалт саяхан дууссан бөгөөд одоо Шинэ Зеландад байгаа тэрээр бусад кино багийн гишүүдийн хамт шууд "Аватар 3" киноны зураг авалт руу шилжиж байгаа аж. Камерон "Аватар 2-ыг үзэгчдэд хүргэх өдөр бид Аватар 3-ыг дуусгах ажилдаа ороод явж байх болно. Бид яг одоо Шинэ Зеландад зураг авалтаа хийж байна. Аватар 2-ын зураг авалт 100 хувь бэлэн болсон бол Аватар 3-ынх 95 хувийн гүйцэтгэлтэй байна" гэжээ.
Урт хугацааны турш үргэлжлэн, багагүй саад бэрхшээлтэй учраад буй эдгээр хоёр киноны зураг авалт 2017 оноос эхэлсэн бөгөөд 2019 оны эцэс гэхэд хуваарийн дагуу явж байсан боловч шинэ коронавирусийн цар тахлын улмаас энэ оны гуравдугаар сараас зогсонги байдалд ороод байсан билээ. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сарын эхээр зураг авалт дахин эрчимжиж эхэлсэн юм.
Нийт дөрвөн үргэлжлэл цувралын эхнийх болох "Аватар 2" кино нь 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр товлогдоод байна.
Эх сурвалж: Cinema Blend
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.