Сүхбаатар дүүргийн долдугаар хороо буюу Үндэсний шинэ номын сангийн барилгын урд, 11 дүгээр хорооллын 12А, 12Б байруудад тулгаж барьсан барилгын үйл ажиллагааг нийслэлийн удирдлагууд, хууль, хяналтын байгууллага очиж хаах арга хэмжээ авсан талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, тус хорооллын 12А, 12Б байруудад тулгаж барьсан барилгыг барилгын норм, стандартыг хангаагүй, газрыг зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр газрын эрхийг нь цуцлаж байгаа аж.
Энэ үеэр Хотын ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн “Өчигдөр Ерөнхий сайд Үндэсний төв номын сангийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Хотын холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгын ажлын хэсэг хуралдаж, танай барилгын талаар ярилцаж, шийдвэр гаргасан. Танай компанийн барилга барьсан газар 2004 оноос хойш холбогдох хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авсан байна. Гэсэн хэдий ч бид өнөөдөр хуралдаж, ноцтой зөрчил илрүүллээ.
Хотын ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зургийн дагуу барилгыг бариагүй байна. Барилгын тэг цэгийг буруу тодорхойлж, нэг тал руугаа 10 метр орчим шилжиж, стандарт зөрчсөн гэж дүгнэсэн. Тиймээс "Сант хаан" компанийн эзэмшил газрын барилгын үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоож байна” хэмээн танилцууллаа.
"Сантхан" барилгын компанийн захирал Д.Зоригт "Манай компани энэ газрын 2004 онд анх Сүхбаатар дүүргээс авч байсан. Түүнээс хойш хууль журмынх нь дагуу татвараа төлсөөр 2015 онд 16 давхар хоёр байшин барих гээд газар шорооныхоо ажлыг эхэлсэн ч хүндэтгэх шалтгааны улмаас түр хугацаанд хойшлуулсан. Ингээд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хөрөнгө оруулалт олж, барилгын ажлаа эхлүүлсэн. Гэтэл манай барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан талаар өнөөдөр сонслоо. Манай компани өнгөрсөн хугацаанд ямар нэг хууль зөрчөөгүй. Өнөөдөр албаны хүмүүс ирээд, барилгын суурийн зураг өөрчлөгдсөн гэж байна. Манай ерөнхий төлөвлөгөө наана байсан ч Сүхбаатар дүүргийн бохирын шугамыг манай талбайн баруун талын захад тавьсан байсан. Тийм учраас барилгын суурийг зүүн талд нь шилжүүлж барихаас өөр аргагүй боллоо гэдгийг холбогдох албаныханд мэдэгдсэн. Энэ асуудал дахин яригдах байх” гэлээ.
Орон сууцны барилгыг “Сант хаан” компанийн захиалгаар “Хару” констракшин компани гүйцэтгэж байгаа аж. Хэрэв орон сууц ашиглалтад орвол чанх урд байрлах Номын сан болон орон сууцны айл өрхүүдийн цонхыг таглаж, нарны гэрлийг хааж болзошгүйг албаныхан хэлж байсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.