Их Британийн байгалийн түүхийн мэргэжилтэн төдийгүй телевизийн шоуны од Дэвид Аттенборо хүрээлэн буй орчны баримтат нэвтрүүлгийн үеэр хатан хааны гэр бүлийн гишүүдтэй уулзжээ. Кенсингтон ордонд зочлохдоо Аттенборо Их Британийн ханхүү Уильямын гэр бүлтэй дотно яриа дэлгэж, долоон настай бяцхан ханхүү Жоржод манай он тооллоос өмнөх үеийн аварга том махчин загасны шүд бэлэглэсэн байна.
Аттенборо 1960-аад оны үед Газар дундын тэнгис дэх Мальта улсад гэр бүлийнхэнтэйгээ амралтаар явж байгаад уг шүдийг олжээ. Шар өнгийн зөөлөн шохойн чулуунд шигтгээтэй байсан аварга загасны уг шүдийг одоогоос 23 сая жилийн өмнө амьдарч байсан мегалодон гэх аварга загасных гэж таамаглаж байгаа юм.
Гэвч Мальта улсын Засгийн газар уг нэвтрүүлгийг үзсэнийхээ дараа Их Британийн ханхүү Уильямын хүү Жоржод бэлэглэсэн шүдийг эргүүлэн авах хүсэлт тавьжээ. Өөрөөр хэлбэл уг шүдийг Мальта улсаас олсон тул олдсон газарт нь эргүүлэн аваачиж, улсын мэдлийн музейд байршуулах нь зүйтэй хэмээн мэдэгдэж нэхсэн байна. Мальта улсын Соёлын сайд Хосе Херрера уг шүдийг орон нутгийн музейд байрлуулах ёстой ба энэ нь байгалийн түүхийн өв соёлыг хадгалах эд өлгийн зүйл гэжээ.
Мегалодон нь аварга махчин загасны эртний төрлүүдийн нэг бөгөөд 16 метр хүртэл өсдөг байжээ. Дашрамд сонирхуулахад Мальта улс 1964 он хүртэл Их Британиийн колони байсан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.