Дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн тоо нэг саяыг давсан тухай мэдээллээ. Одоогийн байдлаар 1,006,337 хүн нас барсан тоо баримт бүртгэгдсэнийг Жон Хопкинсын их сургуулийн судалгааны багаас мэдэгдэв.
Коронавирусийн халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж буй Америк, Бразил, Энэтхэг гурван улс сая гаруй эндэгдлийн тэн хагас орчмыг нь эзэлж байна. Тодруулбал АНУ-д 209,800, Бразилд 142,100, Энэтхэгт 96,350 хүн нас баржээ.
Гэвч мэрэгжилтнүүд вирусийн улмаас нас барсан иргэдийн албан ёсны бүртгэлээс гадна бүртгэгдээгүй илүү олон хүн нас барсан хэмээн таамаглаж байна.
Ковид-19 цар тахал Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэнээс хойш 10 сар орчмын дараа сая гаруй иргэн нас барлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр коронавирус анх илэрснээс хойш дэлхийн 188 оронд тархаж, 33,5 сая иргэн халдварлаад байна. Вирусийн тархалтаас сэргийлэхийн тулд хөл хорио тогтоох, хил гаалиа хаах зэргээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ дэлхийг эдийн засгийн хямрал руу түлхэн унагаж байна.
ДЭМБ-ын зүгээс урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахаар оролдож байгаа ч эндэгдэл одоо мэдэгдэж байгаагаас хоёр дахин их буюу хоёр саяд хүрч болзошгүй гэдгийг сэрэмжлүүлж байна. Ирэх 2021 оны дунд хүртэл урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авах боломжгүй гэж ДЭМБ үзэж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.