XX зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, жирийн ард олны өдөр тутмын амьдралын хэв маяг, шашин, сүм хийдийн байдал зэргийг тодорхой харж болохоор гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галлериад нээгдсэн билээ.
XX зууны 10-аад онд телефон утасны шугам засварын ажлаар Өргөөд ирсэн Алберстаны тэмдэглэл ба гэрэл зургаас гадна 1920-иод оны одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган талд суурьшин амьдарч байсан Даничуудын авсан гэрэл зургийг дэлгэн харуулсан юм.
Модон байшинд лаа, хятад дэнлүү асааж, баярын ширээ засжээ. Ширээ тойрон нэхий дээлтэй бор жаалууд Дани улсаас ирсэн гадаадын ажилчидтай гэрэл зургаа татуулсан нь олны сонирхлыг татна. 1920-иод оны одоогийн Хөвсгөл, Булган аймгийн нутгийн ардын баян, ядуугийн амьдрал, цагаан сарын золголт, дээс томж буй бүсгүйчүүдийн дүр төрх, ахуй амьдралыг Монголд 1921-1936 онд ажиллаж, амьдарч байсан Дани улсын К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын авсан гэрэл зургийн хальснаа буусан нь энэ.
Сити их сургуулийн Аялал жуучлалын багш Б.Мөнхтогтох “Дани улсын иргэд Хөвсгөлийн Эрдэнэбулган сумын суурийг тавьж өгсөн. Одоо тус суманд эдгээр иргэд 15 жил амьдарч байсан ул мөр байхгүй ч Данийн засгийн газраас бид нарын өвөг дээдэс энд амьдарч байсан хэмээн орон нутгийн залуусыг дэмжсэн хөтөлбөр явуулж, боловсрол эзэмшүүлж, жуулчид авчрах тал дээр хамтран ажилладаг. Тухайн үедээ Данийн гурван иргэн дүнзэн байшин барьж буйг гэрэл зурагтаа буулгасан байгааг харж байна. Энэхүү европ хийцийн байшин, суурингийн загвар Монголын 330 суманд өнөөг хүртэл байгаа шүү дээ. Дээрх иргэдийн хувьд тухайн орон нутагтаа амьдарч байхдаа тариалан эрхлэх, ан гөрөө хийх зэргийг орон нутгийн иргэдэд зааж сургасан байгаа юм” хэмээсэн юм.
XX зууны 10-аад онд телефон утасны шугам засварын ажлаар Өргөөд ирсэн Алберстаны авсан “Дэвж буй бөх” хэмээх гэрэл зурагнаас 100 жилийн өмнө тухайн газар орон нутагт ямар хэмжээний өвс ногоо ургаж байсныг харж болохоор. Архангай аймгийн Зая Гэгээний хүрээнээс нэгээс бусад нь байхгүй болчихсон байгааг гэрэл зураг бидэнд өгүүлж байна.
-Энэ зургуудыг олон нийтэд таниулах нь ямар ач холбогдолтой юм бэ?
Сити их сургуулийн Аялал жуучлалын багш Б.Мөнхтогтох:
-Монголчуудын 100 жилийн өмнөх түүхийг бодитоор нь харах боломжийг олгож байгаа юм. 1930-1940-өөд оны нүүдэлчдийн түүх гэхээр зүйлс байхгүй устгачихсан. Монголд ирсэн хэдэн жуулчдын тэмдэглэл гэрэл зургууд бид нарт өнгөрсөн зууны түүхийг харах боломжийг олгож байна. Монголчууд хэрхэн байгалиа хамгаалж, хайрлаж, өмсөж эдэлж хэрэглэж байсан зүйлсийг гэрэл зургаас мэдэх боломжтой. Тухайн үед амьдарч байсан иргэдийн биеийн бүтэц хэрхэн өөрчлөгдсөн байгааг харж болно. Ханд Чин вангийн хүрээний тууриас өнөөдөр ганц ч бүтэн юм байхгүй. Уг хүрээг сэргээхээр бол энэхүү түүхэн зургаас харж сэргээх боломжтой. Асар том түүхийн эх сурвалж. XX зуунд манай улсын хүн амь 100 мянга хүрэхгүй, тэмбүүтэй, дундаж наслалт багатай, төрсөн хүүхдийн эндэгдэл ихтэй ийм улс орон бараг 50 жилийн дотор хэрхэн өөрчлөгдөж чадсан гэдгийг гэрэл зураг харуулж байгаа юм.
-Хөвсгөл нутаг өөрөө бөөгийн шашинтай мөртлөө шарын шашин нэвтэрчихсэн байсан. Удганы хүрээ гэх зургаас харахад бөөгийн шашин ямар хүчтэй байсан. Тухайн үед Энэтхэг хийцийн 4-5 давхар барилга баригдсан байсныг гэрэл зураг батлан харуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.