Беларусийн нийслэл Минск болон бусад хотуудад өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулжээ. Нийслэл Минск хотод олон арван мянган иргэн жагссан ба цагдаа нарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, 50 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна.
Жагсагчид наймдугаар сард болсон сонгуулиас хойш 50 дахь хоногтоо буюу долоо дахь долоо хоногтоо эсэргүүцлийн жагсаал тэмцлээ үргэлжлүүлэв. Өнгөрсөн лхагва гарагт Александр Лукашенко Ерөнхийлөгчийн тангаргаа олон нийтэд мэдэгдэлгүй нууцаар өргөсөн нь эмх замбараагүй байдлыг өдөөн хатгасан байна.
Сонгуулиар Ерөнхийлөгч 80 гаруй хувийн саналаар ялсан ч сөрөг хүчнийхэн ихдээ 60 хувийн саналаар ялалт байгуулсан ба саналын хуудсыг дутуу тоолсон гэж үзэж байгаа. Европын Холбоо болон АНУ-ын эрх баригчид Лукашенког зургаа дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Ням гарагт Гомел хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна. Цагдаа нар жагсаалд оролцсон хүүхэд, эмэгтэйчүүдийн нүүр лүү хорт бодисыг шууд цацаж байсан тухай зарим хэвлэл мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.