Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.09.26) Баянхонгор аймагт ажиллалаа.
Тэрбээр Өлзийт суманд өрнөж буй “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн явцтай эхлээд танилцлаа. Цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын 1.3 км гаруй шугам хоолой татахаас гүйцэтгэл нь 80 гаруй хувьтай байна. Сумын төвийн айл өрхүүд эхнээсээ нэгдсэн шугам сүлжээнд холбогдоод эхэлж. Аравдугаар сарын 1-нд дулаанаа авах аж. Иргэд энэхүү хөгжлийн төлөвлөлтөд ихээхэн идэвхтэй оролцож байгаа юм байна. Гудамжаа цэгцэлж, тууш эгнээнд шилжүүлж, шугам хоолой татах газрыг чөлөөлж, блокоор хашаагаа барьж байгаагаас гадна газар шорооны болон цэцэрлэгжүүлэлтийн ажилд сайн дураараа тусалж байгаа гэнэ.
Одоогоор 80 өрх нэгдсэн сүлжээнд орохоор хүсэлтээ илэрхийлжээ. Зарим нь аль хэдийнэ сүлжээнд холбогдож, угаалтуур, унитаз, шүршүүр зэргээ сууцандаа суурилуулжээ.
“Иргэд сэтгэл ханамжтай, өөрсдийн гараар сайхан амьдрах нөхцөлөө хангаж, өөрийн гэсэн үнэ цэнэтэй өмчтэй болохын зэрэгцээ нийтийн аж ахуйд арвич хямгатай хандах шинэ хэв заншилд суралцаж, хариуцлагатай, бүтээлч иргэд болж өөрчлөгдөж байгаа нь хамгийн гол ололт. Сумандаа хотынхноос дутуугүй сайхан амьдрах нөхцөл бүрдэж байгаагийн жишээ нь энэ. Эднийх аймагтаа үлгэр дуурайл болж, бусад сумдаас хүмүүс ирж, туршлага судалж байна. Аймгаас, сумдаас хүмүүс Өлзийтөд шилжин ирэх хөдөлгөөн эхэлжээ” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар ярилаа.
“Өмнө нь манай суманд хашаа байшин 3-10 сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 30-40 саяар яригдах боллоо. Энэ бол бидний үр хүүхдүүддээ өвлүүлэх хөрөнгө юм. Тиймээс иргэд маань их баяртай байгаа. Г.Занданшатар даргынхаа эхлүүлсэн энэ сайхан ажлыг бид дэмжиж, урам зориг дүүрэн байгаа” гэж тус сумын иргэн Б.Хүрэлбаатар ярьж байна.
Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн төвийн “Номун далай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолд оролцлоо. Ерэн жилийн түүхтэй, ууган сургуулийн 1964 онд ашиглалтад орсон барилга хуучирч муудан, хичээл хүмүүжлийн ажил зохион байгуулах боломжгүй болоод байсан юм. УИХ-ын дарга болон тус аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан М.Билэгт, Л.Элдэв-Очир нарын хөөцөлдлөгөө, идэвхтэй оролцоотойгоор шинэ барилга барих ажил хурдацтай өрнөж, Ц.Эрдэнээ захиралтай “Хаш гоёо” ХХК ердөө 1 жилийн дотор барьж дуусгажээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар мах боловсруулах “Мах март” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Өдөрт ямаа голдуу 300-400 бог нядалж байгаа тус үйлдвэр одоогоор 5000 орчим богийн мах бэлтгэн нийлүүлээд байгаа аж. Мал туранхай, ямаа гэхэд дунджаар 13 кг байна. Гэхдээ малчидтай үнэ тохиролцон 30 хувийг нь урьдчилгаа хэлбэрээр өгч, 70 хувийг нь борлуулалтын орлогоосоо тооцон олгох гэрээ байгуулан ажиллаж байгаа гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр ярилаа.
“Малаа борлуулах гэсэн малчдын хүсэлтийг бүрэн биелүүлж, аль болох их хэмжээний мах бэлтгэхийг хичээгээрэй. Төр, засгаас борлуулалт, экспортод тусламж дэмжлэг үзүүлэх болно” гэж УИХ-ын дарга амлав.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Юуны өмнө өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гэж төрийн албаныханд уриалъя. Нэгэнт эхэлсэн цэгцрэх хөдөлгөөн, шударга ёсыг тогтоох тэмцэл дунд, доод шатанд идэвхтэй өрнөх ёстой. Аймаг, суманд энэ үйл хэрэг эрчлэх хэрэгтэй байна. Ингэж хүчээ нэгтгэж байж, улсаа өөд татах бидний зорилго биелнэ. Нөгөө талаар материаллаг хөрөнгө оруулалтаас гадна оюуны хөрөнгө оруулалтад анхаарах цаг болсон. Энд үндэсний бичиг соёл, номыг дээдлэх, эрдэм боловсрол, авьяас чадварыг эрхэмлэх олон асуудал багтана. Энэ үйл хэрэгт манай Баянхонгорынхон үлгэрлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Тэрбээр өөрийн санаачилсан “Монгол хүн бүр өдөрт дор хаяж 5 хуудас ном унших” уриалгаа дэмжихийг нутгийн түмнээсээ хүсээд, дунд сургуулийн 8-аас дээш ангийнхны дунд уншсан номынхоо талаар мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж, эсээ бичих уралдаан зарлаж байгаагаа дуулгалаа.
Аймгийн Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа ч олон шинэ ажил сэдэж, хэрэгжүүлж эхэлж байгаа Д.Мөнхсайханыг тэрбээр сайшааж, “Д.Мөнхсайхан даргын “Гурван А-гаас салах уриалгыг аймаг, сумаараа, айл өрх, иргэн бүр дэмжих зайлшгүй шаардлагатай байна” гэв. Тэрхүү “Гурван А” гэдэг нь Д.Мөнхсайхан даргын аймагтаа дэвшүүлсэн Архинаас, Авлигаас, Ажилгүйдлээс салах уриалга юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.