Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ховд аймагт ажиллалаа. Тэрбээр эхлээд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, өнгөрсөн наймдугаар сард хуралдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан реформын шинж чанартай томоохон 42 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцэн батлах Шүүхийн тухай багц хуулийн төсөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудын өөрчлөлт аймаг, орон нутгийн ажил, амьдралд эрс шинэчлэл, дэвшил авчрах чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар дараа нь тус аймагт баригдаж буй “Ховд үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэргэдэх цэвэрлэх байгууламжийн барилга, угсралтын ажилтай танилцав. Энд нийтдээ 100 га талбайг хамарсан малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор баригдах бөгөөд цэвэрлэх байгууламжаа эхэлж барьж байгаа аж.
“Цогцолбор бүрэн ашиглалтад орох үед арьс шир, хаягдал яс, ноос, ноолуур угаах, самнах, өлөн гэдэс боловсруулах, адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэрүүд баригдана. Түүнчлэн цогцолборыг дагасан оёдол, гутал, сүлжмэл, саван, сав баглаа боодлын зэрэг арав орчим жижиг, дунд үйлдвэр ажиллана гэж тооцож байгаа” хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ярилаа.
Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хувьд байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байх, химийн хорт бодисыг хоргүйжүүлэх нь нэн чухал учраас хоногт 1500 шоометр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжаа юуны түрүүнд барьж байгаа аж.
Хэдийгээр орчин үеийн, шинэ техник, технологи ашиглах гэж байгаа ч үйлдвэрийн бохир гэдэг бол онцгой хариуцлага шаарддаг ажил. Тиймээс манай яам энэ байгууламжийн угсралт, технологид мэргэжлийн хяналт тавьж, тусалж дэмжиж ажиллах болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ.
Цогцолборын дэд бүтцийн асуудлыг төр буюу аймаг хариуцах бөгөөд цогцолборыг барьж байгуулахад хөрөнгө оруулах хүсэлтэй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олон байгаа гэнэ.
Тус аймагт өрнөж буй өөр нэг томоохон бүтээн байгуулалт бол жилдээ 300.0 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн эко үйлдвэр юм. Аймгаасаа 15 км-т, Буянт сумын нутагт баригдаж байгаа энэ үйлдвэр байгаль орчинд ээлтэй хуурай аргаар, хаягдал хий, усаа дахин ашиглах шилдэг технологийн үйлдвэр юм байна. Үйлдвэрийг “Вестерн холд” ХХК байгуулж буй бөгөөд гаднын оролцоогүйгээр зөвхөн монгол инженер, ажилчид барьж байгуулж байгаагаараа онцлог юм. Баруун бүсийн 5 аймаг нийтдээ 220.0 орчим мянган тонн цементийн жилийн хэрэглээтэй байгаа бөгөөд энэ үйлдвэр ашиглалтад орсноор бүсийн аймгуудын хэрэгцээг хямд үнэтэй цементээр бүрэн хангах боломж бүрдэнэ. Одоо Улаанбаатараас тонныг нь 150.0 мянгаар авсан цемент Ховдод ирэхдээ зардал шингэж 310.0 мянга болдог гэнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Дарханд арьс, шир боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Ховдынх тэгэхээр улстаа хоёр дахь нь гэсэн үг. Жилдээ 1.0 сая ширхэг арьс шир боловсруулах юм байна. Дэд бүтцээ шийдээд өгчихвөл хөрөнгө оруулъя гэсэн дотоодын аж ахуйн нэгж олон байгаа юм байна. Тиймээс дэд бүтцийн ажилд шаардагдах санхүүжилтийг улсаас шийдэж өгөх нь зайлшгүй чухал гэж үзэж байна.
Цементийн үйлдвэр баруун бүс нутагт чухал ач холбогдолтой. Жишээ нь энэ үйлдвэр ашиглалтад орчихвол одоо нэг ам метр нь дунджаар 1.1 сая төгрөг байгаа орон сууцны үнэ 850-870 мянга болж буурах нь.
Хоёр үйлдвэр малчин түмэн, иргэдийн амьжиргаанд маш том тус дэм болох юм байна. Ерөөсөө Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлж байж л хөгжил дэвшилд хүрнэ. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээс махнаас бусад нь үнэгүйдчихээд байгаа. Тэдгээрийг үнэд оруулах, аймаг, сумын төвүүдийг орон сууцжуулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой бүтээн байгуулалт хийж байгаа Ховдчуудад баяр хүргэх нь зүйд нийцнэ. Төр бодлогоор дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.