Украины Агаарын цэргийн хүчний тээврийн нисэх онгоц баасан гарагийн орой Чугуев хотын ойролцоо осолдож, онгоцонд байсан 27 хүний 26 нь нас барж, нэг хүн амьд үлджээ.
"Антонов-26" нэртэй уг онгоцонд нислэгийн багийн гишүүд болох долоон офицер болон ойролцоох цэргийн нисэхийн сургуулийн 20 сонсогч байсан юм. Осол онгоц газардах үеэр гарсан бөгөөд ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна.
Эхэндээ ослоос хоёр хүн амьд гараад байсан хэдий ч харамсалтай нь нэг нь удалгүй эмнэлэгт нас баржээ. Тус онгоцонд явсан сонсогчид 19-22 насны залуучууд байсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагийг ослын хохирогчдын гашуудлын өдөр болгон зарлаж, ослын шалтгааныг шалгаж дуустал "Ан-26" онгоцнуудын нислэгийг зогсоох тушаал гаргасан юм. Тэрээр албан ёсны мэдэгдэлдээ "Өчигдөр бид залуу сонсогчид болон туршлагатай цэргийн алба хаагчдаа алдлаа. Тэдний урд бүхий л амьдрал нь байсан бөгөөд ганц биш цэргийн гавьяанууд байсан нь тодорхой. Өнөөдөр улс орон тэр чигээрээ тэдний гэр бүлийн хамт гашуудах болно" гэжээ.
Тэгвэл тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Игорь Старобинксий хохирогчдын ар гэрийнхэнд тус бүрд нь 1,500,000 гривна буюу 56,000 ам.долларын нөхөн төлбөр олгоно гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN, Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.