Нүүдэлчин өв соёлыг орчин үеийн сэтгэлгээний чиг хандлагатай хослуулан бүтээл туйрвагч Зураач С.Заяасайхан энэ удаагийн ээлжит бие даасан үзэсгэлэнгээ “Hidden Identity” буюу “Нуугдмал төрх” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн чиг хандлага ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ гурван цагийн эргэлтэд мөнхөд үргэлж илэх бидэнд байсан болоод цөвүүн цагийн өнгөнд алдагдсан зэрэг олон талыг харж мэдэрч чадсанаа өөрийн гарын ур, ухааны цар, уран сэтгэмжээрээ илэрхийлжээ.
"Монголчуудын түүх адармаатай бас ээдрээтэй цаг хугацааг туулсан. Энэ хугацаанд бидний үнэт зүйл гээгдэж, үгүйсгэгдсэн. Тэр бүхнийг цуглуулж, уран бүтээлдээ шингээхийг зорьсон. Мөн “Өвөг дээдэс эргэн ирэхүй” зургаар орчин үеийн хүмүүн өвөг дээдэстэйгээ уулзвал, ямархан бодол, сэтгэгдэл төрж болохыг урлаг талаас нь тайлбарлахыг хичээсэн" хэмээн зураач С.Заяасайхан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тодотгосон юм.
Түүнээс ямар учраас буу зэвсэг барьсан байдлаар дүрсэлснийг тодруулахад “Орчин үеийн хүмүүс хорвоо ертөнцийг материалист талаас нь харж, харилцдаг болсон. Зарим нь өвөг дээдсийнхээ бүтээж, өвлүүлснийг үгүйсгэж байна. Буу, шийдэм барьсан нь орчин үеийн хүн өвөг дээдсээ айлгатал аймшигтай “эвдэрсэн” гэсэн санааг агуулж байгаа юм. Гэхдээ энэ нь миний л харж буй өнцөг. Би бодлоо хэн нэгэнд огт тулгахыг хүсэхгүй байна” гэсэн юм.
Үзэсгэлэнгийн гол уран бүтээл болох “Будда”-г хийхийн тулд зураач хоёр жилийг зарцуулжээ. Зураач бүтээлд ашиглах одон медалийг цуглуулахад их хүч хөдөлмөр зарцуулсан бөгөөд цуглуулж байснаа баримтжуулсан гэнэ.
Энэ бүтээлийнхээ тухай тэрбээр тайлбарлахдаа, “Миний ээж социализмын үеийн 15 жилийн гавшгайч. Ээжийг 40 настай байх цагт нийгэм өөрчлөгдөж эхэлсэн. Гэтэл ээжийн минь үеийн хүмүүсийн бүхий л амьдралаа зориулж бүтээсэн бүхэн нэг л өдөр үнэ цэнэгүй болж, үгүйсгэгдсэн. Нийгэм ингэж өөрчлөгдөнө гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй байсан биз. Гэхдээ би “хуучин цаг сайхан” гэж хуучинсаг үзэл гаргая гэж бодсонгүй. Зүгээр л орчин үеийн болоод хуучны гэх хүмүүсийг уулзуулах цэг, холбох гүүрийг энд бий болгохыг зорьсон” гэв.
Орчин үеийн урлагийн хувьсан өөрчлөгдсөн гол шинж чанаруудын нэг болох харагдах үзэмж нь зураачийн чадвар гэхээсээ илүү үзэгчдэд төрөх мэдрэмж, тархинд үлдэх ухаарлын тэсрэлтийг илүүтэй шингээсэн, онцлогийг хадгалсан, эдгээр бүтээлүүд зүрх тархиараа мэдэрч баярлан цэнгэж, айн гайхаж, бодож эргэцүүлэн үзэх бүтээлүүд байлаа.
Шог зураач С.Цогтбаяр “Өвөг дээдэс эргэн ирэхүй” цуврал зургийг үзэж зогсоход өндөр дээд тэнгэрээс өнөөгийн өнгөнд амьдарч буй биднийг харж тэнсэх дээдсийн зэмлэж жигшсэн, өрөвдөн харамссан харцнаас нь өөрийн эрхгүй халирмаар. Өнгөрснөө үгүйсгэж, өвлөж авсан бүхнээ өмлөж цөмлөж, өвгөдийнхөө сүнсийг цөвтүүлж байгаа өөрсдийнхөө өмнөөс өөрөө би буруутай мэт санагдах ...
Харин “Будда” хэмээх бүтээлээрээ зураач гадна хэлбэр төрхөөрөө нийгмийн өөр хэв тогтолцоонд шилжиж хүн төрөлхтний зүй ёсны замаар замнаж буй хэмээвч хандлага сэтгэлгээ нь үл өөрчлөгдсөнөөс хуучин бүхнээ санагалзаж, ёс суртахууны хэм хэмжээ, үнэт зүйлсийнх нь үнэлэмж зиндаа завсардсан эрлийз, эрэмдэг цагийн өнгийг эргэцүүлэн бодох шалтгааныг бидэнд дэвшүүлэн дэлгэжээ. Бид чухам юуг шүтэн дээдэлж, хүсэх амжилт, хүрэх зорилгоо тодорхойлон томьёолж ирснийг та бүхэн эргэцүүлж нэг бодоод үзээрэй. Эдүгээ цагийн өнгө төрхийг мах цусанд төрсөн эгэл нүдээр бус билэг оюуны мэлмийгээрээ харж сэхээрээч хэмээн уриалж буй бүтээлчийн зоримог санааг энд дэлгэсэн олон бүтээлээс нь та тольдон харах болно” хэмээн цахим хуудаснаа бичсэн юм.
Монголын Дэлхий дахинаа Монголын дүрслэх урлагийн нүүрийг тахалж, нэрийг гаргаж яваа авьяаслаг залуу уран бүтээлчдийн төлөөлөл С.Заяасайханы олон улсын “Hidden Identity” үзэсгэлэн тун удахгүй АНУ, Япон зэрэг оронуудаар аялалаа үргэлжлүүлэх юм.
Тус үзэсгэлэн аравдугаар сарын 09-ны өдрийг хүртэл Монголын Уран Зургийн Галерейд явагдана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Рекламны зураач
Zaawal uzeh yostoi uzesgelen
Өвөрмөц шийдэлтэй үзэсгэлэн бна. Нэгийг бодогдуулсан. Ярилцлага өгч бгаа зураг маш их таалагдлаа Өнгөрсөн 30-н жилийн & өнөөгийн улс төрийн лидерүүдийг дүрсэлсэн ч юм шиг бодол төрүүллээ
Туйрвагч биш туурвигч биз дээ.