БНХАУ Шинжааны нутагт хүний эрх зөрчиж, уйгур иргэдийг үй олноор нь дахин боловсрол эзэмшүүлэх нэрийдлээр эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа хэмээн олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээлсээр ирсэн билээ. Гэвч Бээжин дахин боловсрол эзэмшүүлэх бодлогыг түр зогсоосон хэмээн мэдэгдсэн ч барилгын ажил үргэлжилж байгааг эх сурвалжууд мэдээлэв.
Австралийн эрдэм шинжилгээний байгууллага Шинжааны нутагт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 400 орчим тусгаарлах төв шинээр баригдсан ба тэдгээрийг хүний эрх зөрчиж, эрх чөлөөг нь хязгаарлахад зориулан бэлдсэн гэжээ.
Австралийн стратегийн бодлогын хүрээлэн хиймэл дагуулаас авсан зурган дээр дүн шинжилгээ хийж дээрх дүгнэлтийг гаргажээ. Уйгур иргэд болоод исламын шашинтай жижиг овог аймгуудын оршин суугчдыг барьж хорих зориулалттай баазуудыг Хятадын баруун хязгаарт барьсан бөгөөд тэдгээрийн заримынх нь барилгын явц яг одоо үргэлжилж байна гэж мэдээлэв. Үүнд хараа хяналт багатай дахин боловсрол олгох зориулалттай газруудаас хатуу чанга дэглэмтэй хорих газар ч багтжээ. Мөн эдгээр учир битүүлэг барилгуудын ойролцоо аж үйлдвэрийн газрууд байгаа нь эрх чөлөөгөө хязгаарлуулсан иргэдийг албадан хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой байрлал гэж үзжээ.
Хятадын Засгийн газар Шинжаанд хүний эрх зөрчигдөөгүй хэмээн байр сууриа хамгаалдаг. Тусгаарлах бааз байгуулаагүй гэж мэдээлж байсан ч дараа нь тэдгээр баазуудыг терроризмын аюул заналхийлэлтэй тэмцэхэд, ядуурлыг бууруулахаар дахин боловсрол эзэмшүүлэх, дадлага сургуулилалтын чиглэлээр ашигладаг гэсэн юм. Тэнд тусгаарлагдсан хүмүүсийг эргэн сулласан талаар мэдээлдэг ч гадны сэтгүүлч сурвалжлагч, зочид гийчдийг нэвтрэхийг хатуу хориглодог байна.
Энэ жилийн нэгдүгээр сард нээгдсэн шинэ бааз гэхэд таван давхар 13 барилгыг 25 га талбайд барьж, 14 метр өндөр ханаар тусгаарлан, харуулын цамхгуудыг байрлуулжээ. Энэ нь Торгоны зам дагуу байрладаг 2,000 жилийн түүхтэй Шинжааны Кашгар хотоос үл ялиг жижиг байгууламж баригдсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.