Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлснээр Далай тэнгис, загас агнуурын яамны ажилтан Умард Солонгосын хилээр нэвтэрч, буудуулж нас барсан гэжээ.
Орон нутгийн цагаар есдүгээр сарын 21-ний өдөр яамны ажилтан Ёнпёнг арлын өмнөд хэсэгт эргээс 1,9 км зайд далайн усанд сураггүй алга болжээ. Уг арал нь Умард ба Өмнөд Солонгосын усан хилтэй тун ойрхон юм байна. Тиймээс уг иргэн санамсаргүй байдлаар Умард Солонгосын хилийг давж буудуулж нас барсан ба цогцсыг нь шатаасан хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлжээ.
Дээрх мэдээллийг Өмнөд Солонгосын хамтарсан штабын дарга дэслэгч генерал Ан Ён Хо өгсөн байна. Тэрээр үргэлжлүүлэн уг харгис явдлыг хурцаар шүүмжлэн буруутгаж байгаа бөгөөд Пхеньян энэ хэрэгт тайлбар өгч, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалжээ.
Энэ жилийн зургадугаар сард Хойд Солонгос Өмнөд Солонгостой харилцдаг байсан харилцаа холбооны сүлжээг тасдаж, Кэсонг дахь хамтарсан оффисыг дэлбэлсэн. Үүнээс хойш хоёр Солонгосын харилцаа хурцдаж, зөрчил мөргөлдөөн гарах болсон.
Жилийн өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгост түүхэн айлчлал хийж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэггүйжүүлсэн бүсэд зочилж байсан ч эдгээр уулзалтууд талуудад төдийлөн ач холбогдол, үр дүнгээ өгөөгүй.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.