Есүс Христийн хойд дүр хэмээн өөрийгөө зарласан зам тээврийн цагдаагийн офицер байсан этгээдийг цагдаагийн тусгай ажиллагааны үеэр баривчлан саатуулсан тухай мэдээлжээ.
Оросын замын цагдаагийн офицер байсан Сергей Тороп нь өөрийгөө Есүс Христийн хойд дүр хэмээн дэлхий даяар зарлаж өнгөрсөн 30 орчим жилийн турш мөргөл, залбирал үйлдэж ирсэн байна. Түүнийг бүрэн зэвсэглэсэн офицерууд, нисдэг тэргүүдийн тусламжтайгаар Сибирь дэх мөргөлийн төвөөс нь барьжээ.
Дагагчдынхаа дунд АКА Виссарион гэх нэртэй этгээдийг хоёр туслахынх нь хамт баривчилсан байна. Оросын мөрдөх товчоо түүнийг хууль бусаар шашны байгууллага удирдан үйл ажиллагаа явуулсан, залбирал мөргөлийг мөнгө олох хэрэгсэл болгох ашигласан, дагагчдадаа сэтгэлзүйн дарамт үзүүлсэн хэрэгт буруутган яллахаар болжээ.
Саарал үс сахалтай 59 настай Виссарион гэгчийн баруун гарын туслах буюу Зөвлөлтийн үед залуусын хамтлагийн бөмбөрчин байсан Вадим Редкин, зүүн гарын туслах Владимир Ведерников нарыг мөн баривчилжээ. Виссарион буюу Тороп нь 1989 онд замын цагдаагийн ажлаасаа халагдаж, 1991 онд шашны хөдөлгөөн зохион байгуулж эхэлсэн байна.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон мянган дагагчтай болж Сибирийн Краснояарскад алслагдсан бүсэд амьдарч ирсэн. Түүнийг Оросын төдийгүй олон улсын хэвлэл, шашны мэргэжилтнүүд ихээхэн сонирхож байсан юм. 2002 онд The Guardian сэтгүүлд өгсөн яриандаа “би бол бурхан биш. Хүмүүс Есүсийг бурхан гэж боддог нь эндүүрэл. Гэхдээ би бурхны хүү юм. Бурхан хэлэхийг хүссэн бүгдээ надаар дамжуулан хүргэдэг” хэмээн ярьжээ.
Түүнийг дагагчид цагаан хоол идэх ёстой бөгөөд эртний хувцас өмсдөг. Виссарионы 1961 онд төрсөн өдрөөр нь буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр түүнийг дагагчид зул сарын баярын өдрийг тэмдэглэж эхэлжээ. Оросын үнэн алдартны шашинтнууд энэ урсгалынхныг удаан хугацаанд буруутган, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж сэжиглэсээр ирсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.