Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 31 сая давж, нас барсан хүний тоо бараг нэг саяд хүрлээ. АНУ халдварын тохиолдлоор дэлхийд тэргүүлсэн хэвээрээ байна. Тус улсад халдварын тохиолдол долоон саяыг давлаа, харин нас барсан иргэний тоо 205,000 гаруй бүртгэгдлээ.
Америкийн Умард Дакота, Юта мужуудад халдвар ойрын өдрүүдэд хурдацтай тархаж, батлагдсан тохиолдол ихээр нэмэгдэж байна. Умард Дакотад өнгөрсөн даваа гарагт 3,200 шинэ тохиолдол бүртгэгджээ. Мөн Техас, Өмнөд Дакотад халдвар эрчтэй нэмэгдэж байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч гуравдугаар сард коронавирусийн халдвар тархаж эхлэх үед нас барсан иргэдийн тоо 100,000-200,000-ын дунд хэлбэлзэж байвал Засгийн газар халдвараас хамгаалах ажлаа сайн гүйцэтгэсэн гэж үзнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл Трампын тооцож, таамаглаж байсан тооноос хэтэрлээ. АНУ-д хамгийн анх нэгдүгээр сарын 27-ны өдөр Ковид-19-ийн халдвар илэрсэн. Үүний дараахан бүх зүйл хяналтад байгаа хэмээн мэдэгдэж байсан билээ.
Энэ оны хоёрдугаар сард АНУ-д коронавирусээр халдварласан 15 иргэн бүртгэгдсэн байсан. Тиймээс хэдхэн хоногийн дотор халдварын тохиолдлыг бууруулна гэж таамаглаж байсан юм.
Америкийн Ардчилсан намынхан Бүгд Найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч Трампыг коронавирусийн тархалтын үед яаралтай, тохирсон арга хэмжээ авч чадаагүй хэмээн буруутгасаар ирсэн. Хэдхэн долоо хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох гэж байна.
Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын сунгаанд Жо Байден ялалт байгуулснаар Трамптай өрсөлдөнө. Жо Байден өнгөрсөн хагас жилийн хугацаанд АНУ түүхэндээ хамгийн хүнд гарзтай учирлаа хэмээн мэдэгджээ.
Жо Байденыг уг мэдэгдлийг хийсэн өдөр Ерөнхийлөгч Трамп өөрийгөө болон ажлын албаа цар тахлын үед гайхамшигтай сайн ажилласан бөгөөд өөртөө А+ үнэлгээ өгсөн хэмээн ярьжээ. Түүнийхээр Америк вакцинтай, вакцингүй цар тахлын үеийн нөхцөл байдлыг сайжруулж чадсан байна.
Гэвч мэргэжилтнүүд цар тахал өвлийн саруудад үргэлжлэн тархах аюултай байгаа тул нухацтай хандах ёстой гэдгийг сэрэмжлүүлээд байгаа юм. Халдварт өвчин судлалын төвөөс иргэдэд зориулж коронавирусээс сэргийлэх гарын авлагыг шинэчилсэн. Үүнд удахгүй болох хэлловиний баярын арга хэмжээг тэмдэглэхгүй байхыг уриалсан байна.
Энэ баярыг америкчууд өргөн дэлгэр тэмдэглэж, ганган хээнцэр хувцаслан үдэшлэгүүдээр зочлохоос гадна хүүхдүүд айлын хаалга тогшиж чихэр авдаг. Халдварт өвчний төвөөс гадуур явахын оронд иргэдийг хулуу сийлж, гэрээ чимэглэхийг уриалжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.