Энэтхэг улсын Уттар Прадеш мужийн оршин суугч эрэгтэй жирэмсэн эхнэрийнхээ гэдсийг хадуураар зүсэн, эхнэрээ хүнд гэмтээн, хэвлий дэх хүүхдийг нь үхэлд хүргэжээ. Түүнийг одоогоор баривчлан, цагдан хориод байгаа талаар цагдаагийн газраас мэдээлсэн юм.
Өнгөрсөн бямба гарагт болсон энэ хэргийн дараа эмэгтэй Шинэ Дели хотын эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт байгаа аж. Харин ням гарагийн орой гэхэд эмэгтэйн хэвлий дэх нярай хүү нь амьгүй төрсөн байна.
Хэрэгтэн эрэгтэй төрөөгүй хүүхдийнхээ хүйсийг мэдэхийн тулд уг халдлагыг үйлдсэн гэж эмэгтэйн ах Голу Сингх "Reuters" агентлагт хэлжээ. Хос аль хэдийн таван охинтой байсан гэнэ.
Тус улсад эмэгтэй хүүхэд нь гэрлэхэд эцэг эх нь их хэмжээний инж өгөх ёстой байдаг учир охидыг ихэвчлэн гэр бүлийн хүнд ачаа гэж үздэг байна. Харин овог нэрээ үргэлжлүүлэн авч явдаг хөвгүүдийг гэр бүлээ тэжээгч хэмээн үнэлэн, бүх эд хөрөнгөө өвлүүлдэг ажээ.
Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн гэр бүлүүд эрэгтэй хүүхдийг илүүд үзэн, охидын тоо цөөрөх болсон тул тус улсын удирдлагууд эмэгтэй хүүхдээ үр хөндүүлэхийг хоригложээ. Түүнчлэн Энэтхэгийн хууль тогтоомжийн дагуу эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг хэвлийд байгаа хүүхдийн хүйсийг эцэг эхтэй нь хуваалцаж, хүүхдийн хүйсийг тодорхойлох тест хийхийг хориглодог бөгөөд зөвхөн бүртгэлтэй эмч нар үр хөндөлт хийх эрхтэй байдаг байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Enetheg hyatad gej buzar ni dendsen ulsuud shu