Австрали улсын Тасмани мужийн арлын эрэгт 270 гаруй халим гацсан байсан бол тэдгээрийн 1/3 нь буюу 90 гаруй халим үхжээ. Судлаачид үлдсэн халимнууд ч мөн үхэж болзошгүй гэдгийг анхааруулсан байна.
Энэ долоо хоногийн даваа гарагт тус арлын баруун эргийн ойролцоо халимнууд олноороо нэг дор цуглаж гацсан байхыг олжээ. Далайн уур амьсгал, амьтан судлаачид эдгээр нисдэг халимнуудыг аврахын тулд хүч сорин тэмцэж байна.
Чухам яагаад, ямар шалтгаанаар халимнууд эрэгт ингэж олноороо цуглаж бөөгнөрсөн нь тодорхойгүй байгаа ажээ. Австралийн далайн эргүүдэд халим их байдаг ч 2009 оноос хойш 200 гаруй халим нэг дор цугласан тохиолдол гараагүй.
Тасманийн далай тэнгисийн хөтөлбөрийн эрдэмтэд арлын алслагдсан хэсэг Маккуэри Хэдсийн орчимд халимнууд гурван хэсэг болон олноороо цугласан байгааг анх олж харсан. Аврагчид даваа гарагийн орой ирэхэд агаараас ажиглагдаж байснаас хэд дахин их буюу 300 орчим халим аюулд орсон байгааг илрүүлсэн юм.
Мягмар гараг гэхэд аврагчид аврах ажиллагааг бүрэн гүйцэд хэрэгжүүлж амжаагүй байсан. Ихэнх халимнуудад ойртож очих амаргүй байгаа ажээ.
Харагдах байдлаасаа болж нисдэг хэмээн нэрлэгдсэн энэ төрлийн халим долоон метр урт, гурван тн жинтэй болтлоо өсч томордог. Тэд сүрэглэн улирлын шинж чанартай нүүдэллэж байгаад Австралийн Тасмани арлын эрэгт ирсэн гэж судлаачид таамаглаж байна. Судлаачдын хэлснээр ийм төрлийн халимнууд удирдагчаа дуулгавартайгаар дагадаг бөгөөд энэ зан чанар нь ингэж олноороо эрэгт бөөгнөрөхөд хүргэсэн байж магадгүй.
2018 онд Шинэ Зеланд улсын далайн эрэгт долоо хоногийн хугацаанд 200 гаруй нисдэг халим үхсэн байдалтай олдож байсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.