Оймсондоо хахуулийн маш их хэмжээний ам.доллароо чихсэн бичлэг нь олны анхааралд өртөж, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчлөхөд хүргэсэн, МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай хэлэлцлээ.
Ингэх болсон шалтгаан нь гүйцэтгэх ажлын мэдээ, баримт хурлын үеэр дэлгэсэнтэй холбоотой юм. МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан болон тус газрын албан тушаалтнууд болох Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн хоёрдугаар сард анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг тус шүүх ийнхүү дахин хэлэлцсэн юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эдгээр холбогдогчид хэт хөнгөн ял оноож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ялаас чөлөөлснийг уншигчид санаж буй нь лавтай. Тодруулбал, анхан шатны шүүхээс хахуулийн мөнгөө оймсондоо чихэж буй бичлэг нь цацагдсан Н.Баярсайханыг төрийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 40 сая төгрөгөөр торгох, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах аргаар нэг тэрбум орчим төгрөгийг авлига авсан хэрэгт холбогдсон юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хэлэлцсэн шүүх хурлаас Э.Аззаяа, Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нарыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хясан боогдуулах замаар, бүлэглэн хахууль авсан гэм буруутайд тооцов. Д.Төмөрбаатарыг хахууль өгсөн буруутай гэж үзлээ. Улмаар Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил найман сар хорих ял оноожээ. Харин Э.Аззаяад нийтийн албанд ажиллах эрхийг мөн хугацаагаар хязгаарлаж, 40 сая, Г.Элдэв-Очирт нийтийн албан тушаал хаших эрхийг дээрх хэмжээгээр хасаж, 13 сая, С.Бүрэнтөгсөд төрийн байгууллагад томилогдох эрхийг мөн хугацаагаар хасаж, 15сая, Ш.Тэгванданд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасан, 2.7 сая төгрөгөөр торгох ял ногдууллаа.
Харин Д.Төмөрбаатарт хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, есөн сая төгрөгөөр торгох ял оноов. Дээрх хүмүүсээс эд мөрийн баримтаар хураасан нийт 831.5 сая гаруй төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
эд хөрөнгийг нь хурааж төрийн албанд дахиж ажиллах эрхгүй болгох хэрэгтэй