Японы иргэн Канэ Танака дэлхий дээр амьдарч буй хамгийн урт настай хүнээр өнгөрсөн жилийн гуравдугаар сард нэрлэгдэж Геннисийн номонд бичигдсэн билээ. Тэгвэл 117 нас 261 хоног амьдарсан түүнийг Япон улсын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн урт настай хүнээр өнгөрсөн бямба гарагт нэрлэжээ.
Хатагтай Танака коронавируст цар тахлын хөл хорионд орсон тул гэр бүлийнхэнтэй уулзаж баяраа тэмдэглэж чадаагүй ч шил Кока-Кола ууж, шоколад идэн тэмдэглэжээ.
Фукуока хотын асрах газарт амьдардаг Танака хатагтай Япон улсын хамгийн өндөр насалсан хүний амжилтыг ийнхүү эвдсэн байна. Түүнээс өмнө 117 жил 260 хоног амьдарч 2018 оны дөрөвдүгээр сард таалал төгссөн хатагтай Наби Тажима Япон улсын бүх цаг үеийн түүхэнд хамгийн өндөр насалсан хүнээр нэрлэгдэж байжээ.
Танакагийн ач хүү 60 настай Эйжи Танака хэвлэлд өгсөн ярилцлагадаа эмээ нь өдөр бүр аз жаргалтайгаар амьдарч, эрүүл мэндийн байдал нь тун сайн байгаа, хэдийгээр цар тахлын улмаас очиж чадахгүй байгаа ч гэр бүлийнхэн нь маш их баярлаж, түүгээр бахархаж байна хэмээн өгүүлжээ.
Өнөөдөр япончууд ахмад настнуудын өдрийг тэмдэглэж байна. Тус улсад 100-аас дээш насалсан 80,450 хүн бүртгэгджээ. Анх удаа 100-аас дээш насалсан ахмадуудын тоо 80,000 давж байгаа бөгөөд эдгээрийн 88 хувь нь эмэгтэйчүүд байна. 1963 оны судалгаанаас харахад тус улсад 100-аас дээш насалсан ердөө 153 хүн амьдарч байжээ.
Түүнчлэн 64-өөс дээш насныхан Японы нийт хүн амын 28,7 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна. Энэ тоо 2040 он гэхэд 35 хувь болж өснө гэж судлаачид таамаглажээ.
1903 онд есөн хүүхдийн долоо дахь нь болж төрсөн Танака хатагтай Японы таван эзэн хаан солигдохыг харжээ. Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй байгаа ч асрах газрын хөршүүдтэйгээ ширээний тоглоом тоглож цагийг зугаатай өнгөрөөж байна.
Тэрбээр дэлхийн түүхэнд бүртгэгдсэн урт насалсан хүмүүсээс гуравдугаарт орж байгаа юм. 1997 онд 122 насандаа таалал төгссөн франц эмэгтэй Жанна Калмент дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бол 1999 онд 119 насандаа таалал төгссөн Сара Кнаусс хоёрдугаарт ордог ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.