"Microsoft" корпорацын үүсгэн байгуулагч Билл Гэйтс "Fox News"-т өгсөн ярилцлагадаа коронавирусийн цар тахал 2022 онд дуусах магадлалтай гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн "Гэхдээ 2021 оны туршид бид коронавирусийн асуудалд дэлхийн хэмжээнд хандах юм бол халдварын тоог бууруулах боломжтой" гэсэн байна. Харин АНУ ирэх зун гэхэд өдөр тутмын "хэвийн амьдрал"-даа бүрэн эргэж орно гэж Гэйтс үзэж байна.
Үүний тулд дэлхий даяарх коронавирусийн эсрэг тэмцлийг тууштай үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг тэрээр онцолсон юм. Түүнчлэн улс орнууд цар тахалтай бүх хүчин чадлаа дайчлан тэмцэж, COVID-19 тус улс оронд "эргэж ирэхгүй" гэсэн баталгааг үүсгэх хэрэгтэй гэжээ.
Билл Гэйтс өмнө нь АНУ-ын иргэд энэ оны аравдугаар сарыг дуустал коронавирусийн эсрэг вакцин хийлгэх боломжгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварыг 2020 оны гуравдугаар сард албан ёсоор цар тахал гэж зарласан. Үүнээс хойш одоогийн байдлаар дэлхий даяар 30 сая гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдэж, 954 мянга гаруй хүн нас бараад байна.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.