АНУ-ын Висконсин мужийн нэгэн оршин суугч далайн эргээр зугаалж яваад мөнгөлөг цаасанд боосон амьтны тархи олсон байна.
Жеймс Сенда өнгөрсөн долоо хоногт Самуэл Майерс цэцэрлэгт хүрээлэнд алхаж байхдаа ягаан резинэн боолтоор боосон тоосгон хэлбэртэй хөнгөн цагаан ялтсан цаас олж харсан гэнэ. Уг боодолд мөнгө эсвэл мансууруулах бодис байгаа гэж таамагласан тэрээр сониуч зандаа хөтлөгдөн мөнгөлөг цаасыг задалж үзтэл дотор нь тархи, ягаан цэцэг болон хятад мөнгөн дэвсгэрт байжээ.
Цагдаа нар энэхүү тархийг хүнийх биш гэдгийг мэдэгдсэн хэдий ч эмнэлгийн шинжээчид тус тархи ямар амьтных болохыг нь тогтоож чадахгүй байгаа аж. Орон нутгийн зарим иргэд боодолд байсан мөнгө, цэцэг зэрэг зүйлээс харахад энэ нь нас барсан хүнд зориулсан ёслолын нэг хэсэг байж магадгүй гэж үзэж байгаа ч тархины талаар хэн ч тайлбар тавьж чадахгүй байгаа хэмээн Жеймс Сенда "CNN"-д ярьсан байна.
Тэрээр үргэлжлүүлэн "Үүнийг би олсондоо баяртай байна. Миний оронд өндөр настай хүн эсвэл ойролцоо тоглож байсан жоохон хүүхэд задалж үзсэн гээд төсөөлөөд үз дээ. Би 47 настай ч үнэхээр их шокт орсон" гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
OMG