Энэтхэгийн нэгэн өсвөр насны хүү өвөөгийнхөө тэтгэврийн мөнгийг "PUBG" гар утасны тоглоомд зарцуулахын тулд данснаас нь авсан байжээ. Тэрээр өвөөгийнхөө тэтгэврийн данснаас хоёр сарын хугацаанд нийт 234,497 рупи буюу есөн сая гаруй төгрөг авсан байсан гэнэ.
Хүүгийн өвөө өөрийнх нь данснаас 2,500 рупи гарсныг мэдэгдсэн мессеж хүлээж авсныхаа дараа л энэ тухай мэдсэн байна. Үүний дараа тэрээр дансаа шалгатал дансны үлдэгдэл нь ердөө 275 рупи буюу 10 мянга орчим төгрөг л байсан аж. Өөрийгөө залиланд өртсөн гэж бодсон тэрээр шууд банктайгаа холбоо барьсан ба удалгүй хэрэгтэн нь 15 настай ач хүү нь болохыг олж мэдсэн байна.
Цагдаа нарын илрүүлснээр ач хүү нь өвөөгийнхөө данснаас найзынхаа цахим худалдааны данс руу мөнгө шилжүүлдэг байсан ба дараа нь "Google Play" платформоос "PUBG" тоглоомтой холбоотой худалдан авалт хийдэг байсан аж. Түүнчлэн тэрээр өвөөгийнхөө утсан дээр ирсэн шилжүүлгийн талаар мэдээллийг тогтмол устгадаг байжээ.
Албаныхан түүнийг саатуулсны дараа тэр уг онлайн тоглоомд зориулж өвөөгийнхөө данснаас мөнгө шилжүүлж авдаг байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: India Today, World of Buzz
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.