ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн баг түүний байрлаж байсан Томск хотын зочид буудлын өрөөн дэх хуванцар савтай уснаас Новичок хорын ул мөр олдсон гэж мэдэгджээ. Өмнө нь түүнийг онгоцны буудлын цайны газарт уусан цайнаас хордсон гэж үзэж байсан билээ.
Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Навальныйгийн албан ёсны "Instagram" хуудсанд байрлуулсан бичлэг дээр түүний баг зочид буудлын өрөөг нь хэрхэн нэгжиж байгааг харуулсан байна. Тэд Навальныйгийн бие гэнэт муудсан гэсэн мэдээг сонсоод түүний байрласан зочид буудлын өрөөг нэг бүрчлэн шалгаж, түүний хэрэглэсэн бүх хэрэгслийг уутанд хийн битүүмжлээд, бусад эд зүйлсийн хамт Германы эрх баригчдад шилжүүлэн өгсөн аж.
"Энэ бичлэг дэх үйл явдлаас хоёр долоо хоногийн дараа Германы лаборатори Томскийн зочид буудлын өрөөний усны савнаас Новичокийн ул мөр олж илрүүлсэн" хэмээн уг постын тайлбар хэсэгт бичжээ.
Энэ сарын эхээр ХБНГУ-ын Засгийн газар Алексей Навальныйг алдарт Новичок гэх хороор хордуулсан хэмээн мэдэгдсэн юм. Түүнийг хордуулсан хорыг Германы цэргийн лабораторид шинжилж, Новичок мөн болохыг баталсан гэж тус улсын канцлер Ангела Меркель хэлсэн билээ. Түүнчлэн шинжилгээний хариуг Нато, Европын Холбооны түншүүд хүлээн зөвшөөрсөн.
Новичок нь төв мэдрэлийн системийг хордуулдаг аюулт хор бөгөөд "Шинээр ирсэн гийчин" гэсэн утгатай уг хорыг 1970-1980-аад оны хооронд Зөвлөлт Холбоот улсад гаргаж авсан юм.
Алексей Навальный одоогоор Германы нийслэл Берлин хотын "Charité" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэрээр энэ долоо хоногийн эхээр "Instagram" хуудаснаа зургаа оруулан, амьсгалын аппаратын тусламжгүйгээр амьсгалж чаддаг болсноо тэмдэглэсэн. Тэгвэл түүний баг Навальныйг ОХУ руу буцах хүсэлтэй байгаа ба эдгэрмэгцээ ажлаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.