АНУ-ын нэрт дуучин Мадоннагийн амьдралын тухай намтарчилсан кино өвөрмөц хэдий ч яг тохирсон найруулагчтай болсон нь Попын хатан хаан Мадонна өөрөө аж.
"Universal Pictures" кино компаниас дуучны талаарх намтар киног бүтээхээр болсон бөгөөд Мадонна киноныхоо зохиолыг Диабло Кодитэй хамтран бичиж, өөрөө найруулах гэнэ. Мадонна энэ киногоороо дамжуулан “Амьдрал намайг уран бүтээлч, дуучин, бүжигчин болон энэ ертөнцөд байр сууриа олох гэж хичээж буй хувь хүний хувьд ямар гайхалтай аялалд дагуулан гарсныг” харуулахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн "Энэхүү киноны гол сэдэв нь үргэлж хөгжим байх болно. Хөгжим намайг урагшлуулж, урлаг намайг амьд байлгасан. Хэний ч мэдэхгүй, урам зориг хайрласан түүх надад олон байгаа бөгөөд энэ бүхнийг надаас илүү хэн сайн ярих билээ. Галзуу хулгана мэт амьдралаа би өөрийнхөө дуу хоолой, дүрслэлээр бусадтай хуваалцах нь маш чухал" хэмээсэн юм.
Киноны продюсероор "Sony Pictures"-ийн дарга асан Эми Паскаль ажиллах бөгөөд тэрээр өмнө нь 1992 онд Мадоннагийн тоглосон "A League of their Own" киноны продюсерын үүргийг гүйцэтгэж байсан байна. Харин Мадонна өмнө нь 2008 онд Их Британийн "Filth and Wisdom" болон 2011 оны "W.E." кинонуудыг найруулж байсан.
Өдгөө 62 настай Мадонна карьерынхаа туршид дэлхий даяар 335 сая цомог зарсан билээ.
Эх сурвалж: Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.