Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хамгийн "отгон" хүндэтгэлийн чуулган өнөөдөр болж байна.
Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 53 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн энэ хугацаанд тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс зүйн төвшин ямар байсныг харуулж чадсан хэмээн дүгнэж байна.
Энэ удаагийн НИТХ-д МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан. 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаандаа НИТХ-аас хотын хамгийн тулгамдсан асуудал болох утааг багасгах бодлогыг хэрэгжүүлэн, агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулсан байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилтыг улам боловсронгуй болгохын тулд 2040 он хүртэл нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепцийг боловсруулан, Засгийн газарт өргөн бариад байгаа аж.
Харин бүрэн эрхийн хугацаандаа НИТХ Улаанбаатар хотод томоохон бүтээн байгуулалтуудыг хийх бодлого, шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажилласан гэсэн юм. 2019 онд Налайх, Сонсголонгийн зам, Олимпийн шинэ гүүрний томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн гэдгээ онцолсон юм.
Өнгөрсөн дөрвөн жил Улаанбаатар хотод 77 цэцэрлэг, 33 сургууль, 12 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барьж ашиглалтад орсон байна. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн Эрүүл мэндийн салбарт долоон эмнэлгийн барилга шинээр ашиглалтад орж, 33 барилга, 112 Өрхийн эрүүл мэндийн төвд их засвар хийгдэж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллага болон Өрхийн эрүүл мэндийн төвийг хангаж, нийт 48 тусгай зориулалтын автомашинаар парк шинэчлэлт хийжээ.
Үүний дээрээс Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг баталсан байна. Үр дүнд нь нийслэлийн хэмжээнд 63 байршилд ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулагдсан юм.
НИТХ-аас бас онцлох бодлого шийдвэр бол иргэдээ хямд, чанартай орон сууцаар хангах бодлогын баримт бичгүүдийг баталсан явдал. “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” болон орон сууцны төслийн 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг түрээслээд өмчлөх, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулахаар баталсан юм.
Өнөөдрийн байдлаар энэхүү бодлогын баримт бичгүүдийн дагуу Буянт-Ухаа болон бусад байршилд орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлж байна. Мөн Морингийн даваа орчмын шинэ суурьшлийн бүсийг хөгжүүлэх төслийг эхлүүлсэн. 2019-2030 он хүртэл 5,000-10,000 гэр бүл энэхүү суурьшлийн бүсэд ажиллаж амьдрах боломжтой байна. Эхний ээлжинд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтэц барьж байгуулах ажээ.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн гурван талт гэрээний үндсэн дээр 2016-2019 онд 514 айлын газрыг чөлөөлж, энэ хүрээнд 6,613 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Дээрх ажлын хүрээнд Улс, Нийслэлийн төсвөөс нийт 50.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий дэд бүтцийн шугам сүлжээ татсан байна. Харин 2020 онд энэхүү төслийн хүрээнд 2,052 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Нийт есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын бүсэд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг зургаан дэд төв шинээр байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.