Их Британийн Манчестер хотын авто тээврийн газраас зорчигчдыг амьд амьтнаар нүүрээ халхалж, амны хаалт хийхгүй байх сануулгыг өгчээ. Учир нь автобусанд зорчиж байсан нэгэн эрэгтэй амьд могойг толгойдоо ороож амны хаалт болгон зүүсэн байна.
Автобусанд зорчиж байсан өөр нэг эрэгтэй аварга том могойгоор хүзүү амаа ороосон зорчигчийг хараад нүдэндээ ч итгэлгүй мэл гайхжээ. Уг хэргийг харсан автобусны өөр нэг зорчигч Манчестер Ийвнинг Ньюс сувагт өгсөн яриандаа эхэндээ могой хэлбэртэй амны хаалтыг хараад тун хөгжилтэй санагдсан гэжээ. Гэвч удалгүй амны хаалт гэж бодож байсан могой нь автобусны бариул дээр гулсаж эхэлжээ.
Их Британид коронавирусийн тархалт 378 мянгад хүрсэн бөгөөд нийтийн тээврийн бүх төрлийн хэрэгсэлд амны хаалт зүүхийг шаардаж байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг амны хаалтгүй зорчихыг зөвшөөрчээ.
Амьд могойгоор амны хаалт хийсэн зорчигчийн зураг олон нийтэд тархсаны дараа Манчестер хотын тээврийн газраас нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх ёстой ч эмнэлгийн зориулалттай маск, алчуур, ороолт, өөрт тухтай даавуун амны хаалтаас бусад зориулалтын бус амны хаалтыг зүүж болохгүй хэмээн сануулжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.