Индонези улсын эрх баригчид амны хаалт зүүхээс татгалзаж буй иргэдийг коронавирусээр нас барсан хүмүүсийн булшийг ухуулж, шийтгэж байгаа гэнэ.
Тус улсын Зүүн Ява мужийн Нгабетан тосгоны нийтийн оршуулгын газарт амны хаалтын дүрэм зөрчсөн найман этгээд булш ухаж байгааг "The Jakarta Post" мэдээлсэн байна. Хурдацтай өсөж буй халдварын тохиолдлуудыг хянахын тулд аргаа бараад буй тосгоны удирдагч Суёно "Энэ үйлдэл халдварын тархалтыг жаахан ч гэсэн тогтоон барина гэж найдаж байна" гэжээ.
Үүнээс өмнө тус тосгонд зөвхөн гурван булш ухагч байсан бөгөөд амны хаалт эсэргүүцэгчид тэдний ажилд том тус дэм болсон байна. Шийтгүүлж буй хүмүүс хоёр хоёроороо хуваагдан, нэг нь нүх ухаж, нөгөө нь цогцос тавих модон банз тавьж байсан бол зөвхөн хамгаалалтын хувцас өмссөн эрүүл мэндийн ажилтнууд цогцсыг зөөвөрлөх боломжтой аж.
Дүрэм зөрчсөн иргэд түүнчлэн торгууль төлөн, олон нийтийн ажил хийх шаардлагатай бөгөөд цэргүүд олноор цугларсан хүмүүсийг идэвхтэй тарааж байгаа юм. Гэвч Индонезид аль хэдийн 8,965 хүний аминд хүрээд байгаа цар тахлын аюулын талаар иргэдэд илүү их ойлголт өгөхийн тулд тус улсын эрх баригчид ийм төрлийн цочром тактик ашиглаж байгаа гэнэ.
Эх сурвалж: The Mirror
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.