Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Соргодогийн Жаргалсайханы хүү Билгүүн гэж үг, үйлдэл бүрээс нь эрч хүч ундарсан залуу бий. Тэрбээр 15 настайдаа Япон Улсыг зорин эрдмийн их аянд гарч, найруулагч мэргэжлээр сурч төгсөж, Японы үндэстэн дамнасан “Avex” энтертаймент компанид 10 жил зүүн өмнөд азийн орнуудыг хариуцан ажилласан чадварлаг залуу боловсон хүчин билээ. Түүнчлэн “Еэ еэ шар Буд аа” киноны гол дүрд тоглож, хүүхэд насаа дэлгэцэнд мөнхөлсөн адтай нэгэн. Харийн нутагт 20 ажиллаж, амьдраад ирсэн түүний эрдмийн олз омог, хүсэл тэмүүллийн талаар ярилцлаа.
- Эх орондоо ирээд хэр удаж байна вэ. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн ирсэн нь дамжиггүй. Одоо ямар чиглэлээр ажиллаж байна вэ?
-Ирээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Дэлхийд эдийн засаг, хөгжлөөрөө чамгүй дээгүүрт жагсдаг Япон Улсад 20 орчим жил ажиллаж амьдарлаа. Дөнгөж дээд сургууль төгсчихөөд “Би мэдчихлээ, ханачихлаа” гээд гүйгээд ирэх бодол байсангүй. Өдгөө 70-ын талыг насалж байна. Үзэл бодол төлөвшиж, ажлын туршлага суусан гэж бодож байна.
Өнгөрсөн хугацаанд сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх, ихийг хийж бүтээх хүсэл зориг дүүрэн эх орондоо ирлээ. Одоогоор "Мүгэн" лоунж энтертайнмент лоунж байгуулан ажиллаж байна. Энэхүү лоунж маань урлаг соёлын арга хэмжээ, уулзалт, 200-300 хүний сургалт, хүлээн авалт зохион байгуулах, жүжиг тавих боломжтой. Өөрийн харж үзсэн зүйлдээ тулгуурлан, үйлчилгээний салбарыг шинэ түвшинд гаргах, Монголд байхгүй шинэлэг зүйл хийх юм сан гэж зорьж байна. Энэ хүрээнд оны өмнө СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн дүү нараа дэмжиж лоунждаа 14 хоног жүжиг тавьсан. Мөн аавынхаа бичсэн ном зохиол, жүжгийг дахин сэргээх, шинэчлэн тавих ажилд анхаарч байна.
Аавын 70 орчим жүжиг, 20 гаруй кино зохиол бий. Соргодогийн Жаргалсайхан гэдэг хүний дөл нь унтраагүй, оч нь тасраагүй байгаа шүү гэдгийг харуулна. Түүнчлэн зүүн өмнөд азийн орноос жуулчид татах, хариуцлагатай аялал жуулчлалаар дамжуулан эх орноо сурталчлах зорилгоор компани байгуулсан. Хөл хорио тавигдаж, хил нээгдсэний дараа үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ. Япон хэл дээр контент бэлдэж “Уoutube” сувагт байрлуулах зэргээр хүнээс гуйхгүйгээр хийж болох зүйлийг судалж хэрэгжүүлж байна даа.
-Орчин цагт урлаг, бизнес хоёр салшгүй холбоотой болжээ. Мэдээж энд зөв уялдаа холбоо чухал. Нөгөөтэйгүүр, хэт мөнгөний хойноос хөөцөлдөөд урлагийн үнэ цэн алдагдаад байх шиг?
-Урлаг, бизнес хоёр нэгдэж байж тэндээс шоу энтертаймент үүсдэг. Дэлхий нийтийн урлагийн чиг хандлага энэ зүгт явж байна. Магад Монголд шоу энтертайнмент хөгжүүлэхэд хүн ам цөөн, зах зээл жижиг, урлагийн салбар аливаа нэг зүйлээс хамааралтай зэрэг янз бүрийн асуудал бий. Гэхдээ урлагийг хүнд хүргэхийн тулд тодорхой зохион байгуулалт, арга барил хэрэгтэй. Түүнээс нэг мундаг сэтгэгч хоёр өгүүлбэр бичингүүт олон нийт дагаж хуйлардаг юм байхгүй. Алдарт сэтгэгч Ф.Ницшег хүртэл тухайн цаг үе нь ойлгоогүй л байхгүй юу.
Гэтэл хэдэн зуун жилийн дараа зохиол, бүтээл нь алдаршиж байна. Өнөө цагт хэн юу хүсэж байна. Хүн юунд мөнгө төлж байгааг судлах хэрэгтэй. Бизнес талаас нь харвал, үзэгч, хийж буй хүн, тоглож буй хүн нь ч аз жаргалтай байх учиртай. Энэ гурван хүний хэрэгцээг бүрэн хангахын тулд нарийн тооцоолол хийх ёстой. Урлаг зөвхөн мөнгөнийх болчихож гэж харж болохгүй. “Үздэг хүн нь үздэг юм аа. Чи дуугүй бай” гэх юм бол тэгээд л дуусна.
-Хүний амьдралын 20 жил гэдэг багагүй хугацаа. Та энэ бүх хугацааг сурч мэдэхэд зориулжээ. Япон орноос хувь хүнийхээ болоод уран бүтээлчийн хувьд ямар олз омогтой ирэв?
-Хувь хүний хувьд зорилгынхоо төлөө тэвчээртэй байж, асуудлын ард нь гарахыг сурсан. Өнгөрсөн хугацаанд мөнгөгүй болох, өлсөж ядрахаас эхлээд аав минь бурхан болох гэх мэтчилэн хүний амьдралын хүнд үе олон тохиосон. Гэвч надад бууж өгөх эрх байгаагүй. Би япон хүний амьдралын философи, дотоод ертөнцийг чухалчилдаг. Тэднээс цаг барих, аливаад хариуцлагатай хандах, хүний үг сонсох, хэн нэгэнд амласан бол түүнийхээ төлөө зовдог, ичдэг, зүтгэдэг нийгмийн соёлд суралцсан.
Уран бүтээлчийн хувьд маш их итгэл олсон. Жишээ нь, 90 мянган хүн цуглуулдаг шоуг зохион байгуулах албанд ажиллаж байлаа. Алдарт “Улаан хавцал” кинонд манай компани хөрөнгө оруулагчаар ажилласан. Тэр үеэр холливудын найруулагч Жан И Моутай зургийн тайлбай дээр гар барих, “Baсkstreet boys” хамтлагийн Эй Жей Маклин манай компанид ирээд хүн болгон бөхөлзөж угтахад “Надаас намхан нөхөр байна ш дээ” гэж харах тэр мэдрэмж хүнд итгэл төрүүлдэг юм билээ.
Гэхдээ Ж.Билгүүн гэдэг хувь хүн талаасаа биш Монгол хүн дэлхийн одуудтай эн тэнцүү зогсож байна гэдэг маш том бахархал. Хэрвээ хичээвэл монгол хүний потенциал хязгааргүй юм байна гэдгийг харуулж буй хэрэг. Мэргэжлийн талаасаа шоу зохион байгуулах масштаб, драмын жүжгийн тавилт, бүжгийн дэглэлтийн зураглал гэх мэт арга барилд суралцлаа. Үүнийг ярьж байгаа нь өөрийгөө гайхуулах гэсэн хэрэг биш энэ хаалгыг олон хүн татаасай. Хамтдаа дэлхийн жишигт алхах юм сан гэдэг сэтгэл. Нөгөөтэйгүүр, өндөр хөгжилтэй оронд мэргэжлийн сургуульд дөрвөн жил сурч төгсөөд, арван жил ажиллаад ирсэн учраас хүмүүс надаас их зүйл хүлээж байгаа болов уу.
-Хоёулаа Японы соёл иргэншил, тэр улсаас суралцсан зүйлийн талаар нэлээд ярилаа. Эсрэгээрээ та өнгөрсөн хугацаанд эх орноо хэр таниулж чадав. Гаднын улс оронд таныг Ж.Билгүүн гэхээс илүүтэй монгол хүн гэдэг талаас нь харж үнэлж, дүгнэнэ шүү дээ?
-Би он дарааллаар нь яръя. Анх 26-уулаа Японы Шизоки мужид очсон юм. Бид ахлах сургуульд байхдаа мужийнхаа баяр ёслол, бүхий л арга хэмжээнд оролцож, хүн нэг бүрд монгол дуу бүжгээ тайлбарлан үндэсний урлагаа сурталчилдаг байсан. Их сургуулийн III курст байхдаа Япончуудын хийсэн, миний ажиллаж байсан “Avex” компанийн бүтээл Монгол Чингис хаан буюу “Бөртэ чоно - Тэнгэр газрын хязгаар” кинонд продюсерын туслахаар ажилласан. Тэгээд “Монголын тухай кинонд монгол хүүхэд орчуулагчаар ажиллаж байна” гээд олон телевиз, радиод ярилцлага өгсөн. Кинонд ажиллахаар хичээлээсээ таван сар чөлөө аваад явахад сургуулийнхан маань амжилт хүсээд үдэж байлаа.
Ажилд орсныхоо дараа Токио хотод болдог “Хаврын баяр”-т “BRO’S records”-ын “Ертөнц” цомог, аавын болоод Монголын тухай зурагт номоор оролцсон юм. Тэгэхэд олон орны хүмүүс “Монголоос анх удаа оюуны бүтээлээр оролцож байна. Маш сайхан санагдлаа” гээд баяр хүргэсэн. Мөн сүүлийн гурван жил Үндэсний урлагийн их театрын гадаад харилцааг хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд Японы зах зээлд үндэсний урлагаа сурталчлах, уран бүтээлчдийг туршлага судлуулах ажил хийж байна. Мөн миний ярихыг сонссон япон хүмүүс “Яг төрөлх хэл шигээ ярьж байна шүү” гэдэг. Энэ ч гэсэн монгол хүний чадамжийн илэрхийлэл шүү дээ. Түүнчлэн “NHК” телевиз, “Асахи” сонинд ярилцлага өгөх зэргээр хаана, ямар боломж байгааг хайж олж, ашигладаг байлаа. Өөрийнхөө чадах хэмжээнд Монголоо сурталчилсан болов уу. Цаашдаа ч Япон, Монгол Улсын хооронд соёлын гүүр болох ажлаа хийсээр байх болно.
-Бага зэрэг тэрслүү асуулт байж магадгүй. Та азийн зах зээлд байр сууриа олсон компанид удирдах ажил хийдэг байсан. Тэндээ үргэлжлүүлэн ажиллах нь нэр хүнд, ашиг орлогын хувьд хавь илүү байсан юм биш үү. Арван жил босгосон бүхнээ хаяад нааш ирнэ гэдэг хэр оновчтой шийдвэр бол?
-Маш олон хүнээс энэ үгийг сонсож байлаа. Хэдэн жилийн өмнө “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлэг хийж байсан н.Халиунбат найз “Хэзээ Монголдоо очиж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах вэ “ гэж асуухад нь “Миний бие Японд амьдарч байгаа миний зүрх сэтгэл Монголдоо байгаа шүү” гэж хариулж байсан юм. Хүн хаана байхаас илүүтэй тэр газраа юу хийж бүтээх вэ гэдэг нь чухал гэж боддог. Тийм учраас Монгол руу ойр ойрхон явдаг, олон ажил санаачилж хийдэг байсан.
2011 онд Японы иргэн харьяатын газраас утасдаад “Японы иргэн болох уу” гэж санал тавьж байсан. Мэдээж сайхан орон. Их ч юм сурлаа. Гэхдээ би татгалзсан. Яагаад гэвэл, би Соргодогийн Жаргалсайхан, Жамбаагийн Дулмаа гэдэг хоёр хүний хүү болж, Монголоо олж мэндэлсэн шүү дээ. Энэ бол их хувь заяа. Нөгөөтэйгүүр, хэрвээ би тодорхой хугацаанд хүнд хэцүү бүхнийг тэсэж тэвчиж, сурсан бүхнээ эх орон зориулахгүй тэнд үлдчих юм харамсалтай биш үү. Монголд миний орон зай дутах юм биш байгаа гэж бодогдсон. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Яагаад ч юм надад тийм бодол төрсөн. Магад аавын минь хүсэл байсан байх. Яг үнэндээ, хэн ч намайг буцаад ирье гэх “Тэг тэг” гээгүй. Бүгд л “Наанаа байсан нь дээргүй юү” гэсэн. Харин би жинхэнэ тэрслүү шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн дээ.
-Гадаадад олон жил амьдарсан хүмүүсийн эх орны тухай ойлголт гүн гүнзгий, үнэнд илүү ойр болчихдог юм шиг санагддаг. Таны хувьд эх орон гэж юу вэ?
-Би цэрэг, эх оронч шиг эсвэл соёлын гавьяат зүтгэлтэн шиг том зүйл яримааргүй байна. “Эх орон гэж юу вэ гэдэг” асуултад би “Ээж” гэж хариулдаг. Аливаа зүйлийн хамгийн чухал нь эх ундарга, язгуур үндэс нь байдаг шүү дээ. Буцаж ирэх шалтгаан маань үүнтэй холбоотой. Хүн хэчнээн эд хөрөнгө, алдар нэрийн төлөө зүтгэлээ гээд хайртай хүмүүсээ мартаж болохгүй. Хэрвээ эх оронгүй бол мянган удаа улаан хивсэн дээр алхаж, зурагтаар гараад яах юм бэ. Ижийгээ хайрлах, эх орноо хайрлах гэдэг хүний үргэлж санаж явах ёстой зүйл. Арваад жилийн өмнө ээж төрсөн өдөр дээр маань “Миний хүү ээжийн хүү биш эх орны хүү боллоо шүү” гэж хэлж байсан юм. Тухайн үедээ нарийн утгыг нь ухаж ойлгоогүй. Нас нэмэх тусам ухаарч байна. Адаглаад нус цэр, шүлс, хогоо хаяхгүй байхаас бидний эх орныхоо төлөө хийж чадах зүйл эхэлнэ.
-Аавыгаа өөд болоход дэргэд нь байж чадаагүй болохоор харамсдаг уу. Ер нь танд юу гэж сургадаг байв?
-Бие нь муу байгааг мэдсэн ч билет захиалах гэсээр цаг алдсан. Бурхан болсных нь маргааш Монголд ирсэн. Нэгдүгээр эмнэлгийн моорог дээр сүүлчийн удаа аавыгаа харсан даа. 2007 оны Цагаан сараар аав минь архи задлаад “Хоёр хундага аваад ир” гэлээ. Тэгээд аваад иртэл “Ийшээ суу. Би чамайг архи уу гэж байгаа юм биш. Танай өвөө намайг 18 настай, Польш руу яваад ирсэн хойно “Тамхи үнэртүүллээ” гээд банзаар зодож байсан юм. Надад аавтайгаа өөд өөдөөсөө харж суугаад ярилцсан дурсамж байхгүй. Би өнөөдөр чамд тэр дурсамжийг чинь бүтээж өгч байна” гэж байсан юм. Түүнээс таван сарын дараа бурхан болсон доо.
Алтан хайрцагийг нь нээлгэхэд “Хулгана жилтэй хүнийг бодсон байна” гэж гарсан. Түүнийг сонсоод эцсийн мөчид хүүгээ бодож дээ гэж бодоход гол зурдаг юм билээ. Ямар сайндаа, онгоцонд суугаад буцахдаа “Аавдаа хамгийн ойрхон ирж байна даа” гэж сэтгэлээ хуурч байлаа. Аав минь олон таван үггүй хүн. Үйлдэл, харцаараа сургадаг. Ганц захидаг юм нь “Хүн бай” гэдэг. Хүү нь хүн шиг хүн байх гэж хичээж л явна. Одоо ч бий аавыгаа агсан, байсан гэж ярьж чаддаггүй. Ахиад 10 жил насалсан ч болоосой. Би аавыгаа алдах нь хорвоогийн жам юм гэхэд тэр сод хүмүүнийг алдана гэдэг Монголын урлагт том гарз шүү дээ.
-Таныг их амбицтай хүн гэх юм билээ. Ер нь хүнд амбиц байх ёстой юм уу?
-Хүмүүс амбиц гэдгийг алдар нэр хөөсөн үйлдэл гэж хараад байх шиг. Харин би хийж буй зүйлдээ эзэн байх гэж ойлгодог. Би хэзээ ч, хэнээс ч, юу ч гуйгаагүй. Надад хийсэн юм зөндөө бий. Хийх гэж хүсэж, зорьж яваа зүйл ч олон байна. Яагаад өөрийнхөө хийсэн зүйлийг хэлж ярьж болдоггүй юм. Чадаж байгаа дээрээ “асах” нь буруу гэж үү. Үнэхээр чадахгүй, мэдэхгүй байж том дуугарвал ичмээр. Гэтэл нэг ажил хийчихээд тавыг хийсэн юм шиг ярьдаг хүмүүс байна. Шалих шалихгүй нөхдүүд чамаас илүү юм шиг яриад байвал хүний шар хөдөлнө биз.Тэгэхээр хүнд зөв шар хэрэгтэй.
-Цаашид юу хийж бүтээхээр зорьж байна вэ?
-Бодсон төлөвлөсөн зүйл олон бий. Өөрийн гэсэн театр байгуулах хүсэлтэй. Сүнслэг, урт настай, залууст, нийгэмд мессэж өгсөн уран бүтээл хиймээр байна. Мөн Монгол орныг дэлхийд таниулсан “Чингис хааны нууц түүх” романыг дор хаяж 200 сая хүнд уншуулах, цаашлаад олон ангит кино болгох мөрөөдөл бий.
П.Даваажаргал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bi ch dai senpai iinhaa moriig dagaad yavaad bjdee!